Зөвхөн Сэлфиний ачаар 99 жил хоригдох ялаас мултарчээ-ЯААЖ?

Хилс хэрэгт гүтгэгдэн 99 жил хоригдох дээрээ тулаад байсан эр ээжийнхээ Фэйсбүүкт нийтэлсэн сэлфи зурагны ачаар айхтар ялаас мултарчээ.

 Техасын оршин суугч 21 настай Кристофер Прекопиг 2017 оны есдүгээр сарын 22-нд ажлаа хийж байхад нь хууль сахиулагчид ирж хоёр өдрийн өмнө хуучин найз бүсгүйнхээ гэр лүү дайрч ороод цаасны хутгаар найз бүсгүйнхээ цээжин дээр “Х” үсэг сийлж тарчлаасан хэрэгт буруутган баривчилсан байна.

17 настай байхдаа ердөө зургаан долоо хоног үерхсэн найз бүсгүйнхээ барааг харалгүй хоёр жил болсон Кристофер энэхүү буруутгалыг сонсоод мэл гайхсан гэнэ.

Залуугийн ээж Эрин Прекопигийн хэлснээр өсвөр насны хосуудын салалт тийм ч найрсаг байгаагүй ч тэд бүрмөсөн харилцаагаа тасалж, хүү нь ч найз бүсгүйгээ хаана амьдарч байгааг мэдэхгүй болсон гэнэ. 

“Намайг хэн ийм хэрэгт унагасныг би мэдэхгүй, яагаад энэ бүхэн болж байгааг ч ойлгоогүй. Хамаг ухаан санаа минь балартаж орхисон” хэмээн Кристофер ярьжээ. Тэрбээр цагдаа нараас яагаад баривчилж байгааг нь асуухад “Бидний юу ярьж байгааг ойлгохгүй байгаа мэт аашлахаа боль!” хэмээн офицерууд түүнийг загнасан гэнэ. 

Кристоферын хуучин найз бүсгүй цагдаа нарт хандаж, экс найз залуу нь гэр лүү нь дайрч орж ирээд түүнийг түлхэж унаган, нүүр нүдгүй цохисон төдийгүй цаас зүсэгчээр биеийг нь эсгэсэн хэмээн мэдүүлжээ. 

Крисийн эцэг, эх 150 мянган доллар төлж хүүгээ батлан даалтад гаргаснаас хойш есөн сарын турш хүү нь буруугүй гэдгийг тогтоож чадахгүй бол 99 жилийн хорих ял сонсоно гэхээс үхтлээ айж, түгшиж суусан аж. “Миний хамгийн их айж байсан зүйл бол энэ. Ямар ч шалтгаангүйгээр шоронд хоригдох” хэмээн Крис ярьжээ. 

Харин аз болоход залуугийн ээж хүүгээ буруугүй гэдгийг нотолж чадсан юм. Учир нь ээж, хүү хоёр есдүгээр сарын 20-нд буюу хэрэг гарсан гэх мөчид бүсгүйн гэрээс цагийн зайд байрлах газарт нэгэн арга хэмжээн дээр хамтдаа байсан аж.

Эрин тэр үед хүүтэйгээ хамт байгаа зургаа авч Фэйсбүүктээ нийтэлсэн байжээ. Ийнхүү тэд нийтлэл орсон хугацаа болон зураг авсан хугацааг хууль тогтоогчдод нотолж чадсанаар хүүгээ шоронд “хатах” аюулаас аварч чадсан байна. 

Гэхдээ тэд энэ бүхэнд маш их цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулсан аж. Тэд хүүгийнхээ өмгөөллийн төлбөрт 250 мянган доллар төлсөн бөгөөд есөн сарын турш энэ асуудалтай зууралдаж, сэтгэлээ чилээж, байнгын айдас, түгшүүртэй явсан гэнэ. 

Кристофер “Би мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн ганц хүний амаар биш илүү сайн нягталж шалгадаг байх хэрэгтэй юм байна гэж харсан. Ийм зүйл өөр бусдад битгий тохиолдоосой гэж хүсэх байна даа” хэмээн ярьжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *