Нойтон сальфетка, живхний хэрэглээ нь нярай хүүхдийн эрүүл мэндэд аймшигт хортой- Буглах эрсдэлтэй

Rивхийг удаан хугацаагаар солихгүй байх,  хүндээр бие зассаны дараагаар нойтон сальфеткаар арчих зэрэг өнөөх “соёлт хэрэглээнээс” болж бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хор учруулж байгаагаа хожимдож ухаардаг байна.

Эрэгтэй хүүхэд шээхдээ  ихэнхдээ 3 тасалж шээдэг, тэр тоолондоо живхний гадаргуунд “гуужгай” нь үрэгддэг, улмаар үргүйдэх эрсдэлтэй болдог байна.  Харин хүндээр бие зассаных нь дараагаар нойтон сальфетка хэрэглэх нь хүүхдийн арьсанд харшил өгөхөөс гадна хошного орчим орших зөөлөн эдийн булчирхайг  үрэвсүүлдэг байна.

Өнөөдөр Эх  Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж байгаа 10 нярай тутмын 3 нь  хошного орчмын зөөлөн булчирхайн үрэвсэл буглаа буюу парапроктит гэсэн оноштой хагалгаа хийлгэж байна. Хошного орчмын зөөлөн булчирхайнууд нь шүүс ялгаруулж, бактерээс хамгаалах үүрэгтэй байдаг. Булчирхайн үрэвслээс үүссэн буглаа энгийн нүдээр харахад амархан ажиглагддаггүй, 2 бөгсний хэмжээ өөрчлөгдөж илэрдэг учир эцэг эхчүүд цаг алддаг,   зарим хүүхдүүдийн хошногоны байрлалаас шалтгаалан буглаа дахих хандлагатай байдаг байна. Нойтон сальфетка арьсанд харшил өгдөг болох тухай судалгааг Австралийн эмч мэргэжилтнүүд хийснээр тус улсын эцэг эхчүүд нойтон сальфеткийн оронд  ариун цэврийг сахих өөр төрлийн арга хэлбэрүүдийг сонгох болсон байна.  Тус улсын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хүүхдэд зориулагдсан ихэнх нойтон сальфетканд удаан хугацаанд хадгалахад зориулагдсан химийн метилизотиазолинон /MI/ гэх бүтээгдэхүүн ордог  нь тогтоогдсон байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд   ийм замаар арьсны харшилтай болсон нялхасын тоо 4-7 хувь болтлоо нэмэгджээ. Хүүхдийн арьсыг нойтон сальфеткаар байнга цэвэрлэх үед ашигтай бактерүүдийг нь устгаж, улмаар удаан хадгалахад зориулсан дээрх химийн элемент нь арьсыг улайлгаж, тууралт, цэврүү үүсгэдэг байна. энэ төрлийн бүтээгдэхүүнээс үүдэлтэй харшилыг бусад арьсны харшилын үед хэрэглэгдэх эм, эмчилгээний аргаар эмчилж болдоггүй, хамгийн гол нь энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээгээ зогсоох, нарийн мэргэжлийн эмчид хандах  шаардлагатай болдог.  Дээр дурьдсан парапроктит, арьсны харшил зэргээс зайлсхийж, хүүхдээ эрүүл бойжуулахад туслах хамгийн анхны алхам бол нярай хүүхдийг хүндээр бие зассан  тохиолдолд цэвэр усаар угааж занших, эсвэл хөвөн даавуун  зөөлөн материалаар арчиж цэвэрлэх хэрэгтэй гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *