Загвар өмсөгч Э.Энхболд: Би өдийд тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан

Олон нийтийн дунд хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан “Өөр өөр” хэмээх чэллэнж эхлээд байгаа билээ. Үүнд олны танил болон жирийн иргэд олноор оролцож байгаа бөгөөд загвар өмсөгч Э.Энхболд өөрийн бяцхан түүхээс хуваалцан “Би тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан. Миний бие анх эхээс мэндлэхдээ хэвлийн буруу байрлалаас үүдсэн төрөлхийн хөлний гажигтай төрсөн байдаг. Яг ямар гажиг гэхлээр түнхний мултрал болон хөлийн тавхайгүй төрсөн юм. Хөлийн тавхайгүй гэдэг нь хөлийн өсгий байхгүй, шагай буруу байрлалтай, тавхай эргэж дээшээ харсан, дугуйрсан хөлтэй төрсөн гэсэн үг. Хэрвээ алтан гарт эмч, ачит ээж минь байгаагүй бол өдийд загварын тайзнаа алхах байтугай хоёр хөл дээрээ бүрэн зогсож чадах үгүй нь эргэлзээтэй байсан юм.

Ингээд ээж минь хорин хэдхэн настай ганц бие залуухан бүсгүй хүүгээ төрүүлээд тэнгэр хол, газар хатуу байх үедээ шүд зуун, нулимс дуслуулан хүүгээ бусдын адил эрүүл саруул хүү болгож хөл дээр нь зогсооно хэмээн өөрөө өөртөө амлалт өгч, мэдэж чадах, очиж хүрэх бүх арга чаргаа хэрэглэн сэтгэл шулуудан явж байх үедээ Гэмтлийн эмнэлгийн ачит Буркан эмчтэй уулзаж итгэлийн үзүүрээс атгасан байдаг.

Тухайн үед миний хөлийг эмчлэх арга төдийлөн оновчтой бус байсан ч Буркан эмч нэгэн зоригтой эмчилгээ санал болгосон нь механикаар эмчлэх буюу шөрмөс сунгах зарчмаар эмчлэх арга юм. Буруу байрлалтай хөлийн шөрмөсийг хүчээр сунгаж зөв хэлбэрт оруулахаар гипсдэж, хэд хоногийн дараа гипсийг задлан тухайн цэгээс дахин цааш сунгаж гипсдэх зарчмаар хэвийн байдалд нь оруулах эмчилгээ нь амар бас өвдөлтгүйгээр байгаагүй юм. Надтай адил оноштой хэд хэдэн хүүхдүүд тухайн үед байсан ч бүрэн эдгээгүй гэж ээж хожим нь надад хэлж байж билээ.

Ээж, хүү хоёр төрөөд сар гаруй хоносны дараа эмчилгээгээ эхлүүлж, ээж намайг үүрэн 120-оос одоогийн 11 дүгээр хорооллын хуучин гэмтлийн эмнэлэг хүртэл гурван жил гаруй эмчилгээндээ явсныг хожим хамаатны ах, эгч нар маань ярьж өгдөг байлаа.

Хөлний гипс задлах бүрт дотроос нь есөн шидийн юм гарч ирнэ. Чүдэнзний мод, савх, халбага гээд л. Чааваас байнга гипстэй байдаг болохоор загатнаж, эрвэгнэж, тэсгэл алдахдаа аминдаа маажиж санаатай тэдгээрийг хийдэг байсан юм шиг байгаа юм. Одоо бодоход ээж минь үнэхээр их тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай гэдгийг, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу гэдгийг нотлох шиг.

Тэр үед би явж чаддаггүй хөдөлгөөн муутай байсан болохоор жин ихтэй том биетэй хүүхэд ээжийгээ яасан их ядраасан бол. Ганц бие бүсгүй өвчтэй хүүхдээ ганцаараа өсгөх яасан хэцүү байсан бол. Хүүгээ өвчиндөө шаналж уйлж, байж ядаж байхыг хараад сэтгэл нь яаж эмтэрч байсан бол гээд л их зүйлийг боддог. Бодох тусам ээжийнхээ ачийг яаж хариулна даа гэх бодол толгойноос гарахгүй эргэлддэг байж билээ. Харин ээж минь хариуд нь миний хүү сайн хүн болж, сайн сайхан явж ээжийнхээ ачийг хариулаарай гэж хэлж байж билээ.Тиймдээ ч би хичээдэг. Бүх гэр бүлүүд бүтэн сайхан амьдраасай гэж хүсдэг.Ингээд ээж хүү хоёрын эмчилгээ амжилттай дуусч би дөрвөн нас гарантайдаа хөл дээрээ бүрэн зогсож энгийн хүүхдүүд шиг гүйж харайж, өдий зэрэгтэй явж байгаа нь алтан гарт эмч нар, ачит ээж, эмээ, өвөө, ах, эгч нарийн маань надад бэлэглэсэн бэлэг гэж боддог.

 Яг үүн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэд амаараа үзгээ барьж, хуруугаараа тэмтрэн ном уншиж, дохиогоор ярьж, тэргэнцэртэй явах гэх мэт аливаа зүйлсийг арай өөр арга барилаар, жоохон өөрөөр л хийдэг болохоос эцсийн дүндээ бүгд л хийж, бүтээж, хөгжиж чаддаг гэдгийг хэлэх гэсэн юм. Арай өөрөөр хийдэг байлаа гээд ялгаатай гэсэн үг биш тэд үүнийг хүсээгүй” хэмээсэн байна. 

“Азийн шилдэг модель”-оор шалгарч загварын ертөнцийн урдаа барьдаг шилдэг эрэгтэй моделиудын нэг болж чадсан тэрбээр ийнхүү олон нийтийг хэн нэгнийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг уриалсан байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *