Залуучуудад хандаж ХАТУУХАН хэлье… Бид ирээдүй хойч үедээ ГОЛОГДОХ болоогүй.

Зөв буруу өнцгөөс нь тайлбарлах гээд ярихаар чалчаа зөнөг өвгөд л гэнэ. Зөнөчихөөгүй л байнадаа үрс минь. Бид гарахаараа гэрээ олчихно, гэрээсээ гараад хүрэх газраа олчихно. Амьд мэнд оршин тогтноод л байна. Гэвч бид бүхэн хийх ёстой зүйлээ тухайн цаг үед нь нэр хүндтэйхэн шиг, ёс төртэйхэн шиг гүйцэтгэсэн гэж боддог доо.

Үзэх, үзэхгүй сайн сайхны тухайд гэвэл монгол ард түмэн минь үзээгүй байсан ч гэлээ тэр сайхан цагийг ирнэ гэж зөгнөдөг ард юм шүү дээ. Тиймээс ч бид тэр сайхан цагийг ирнэ гэж итгэдэг бас боддог. Бидний үеийнхэн үзэхгүй байлаа ч гэсэн хойч үе маань үзнэ дээ үзнэ. Үүнд эргэлзэж суух бол хамгийн мунхаг зүйл юмдаа.

Монгол түмний сайн сайханд эргэлзэнэ гэдэг бол байж боломгүй хэрэг юм л даа. Ийм тэгш дүүрэн хувь заяатай, ийм тэнгэрлэг, хөх тэнгэрийн эрхшээлд байдаг ард түмнийг ингэж хэлэх үндэслэл ер байж болохгүй юм шүү залуу үрс минь. Бидний үеийнхэн ойрд ойрд их гомдонгуй л байна. Амтай болгон нь эрх дураараа хүссэн бүхнээ бичдэг цаг үе нэгэнтээ иржээ. Гэсэн хэдий ч уул, хөгшид хоёроо зүхдэггүй юм даа, залуу бялчир үрс минь. Үүнийг л их бодож явмаар юм шиг санагдах юм даа. Хаашаа ч юм дээ, ойлгоход бэрх л юм. Яахав зөнөсөн бол зөнөсөн л биз. Бид чинь амихандаа чадахаараа л юм хийсэн шиг байгаа болтой байдаг юм.

Монголчуудын оюуны хэрэглээ, соён гэгээрлийн төлөө зүтгэсэн байх гэж боддог болохоор бүтээсэн зүйлсийг минь он цаг харуулна бизээ. Хэнийг нь үхэхтэй нь хамт мартаж, хэнийг нь дурсаж, хэнийг унших уншихгүй байхыг ард түмэн мэднэ буй зээ. Уул, ус, гол, мөрөнөө ч зүхдэггүй, халуун хошуут малаа ч хүртэл зүхдэггүй ард түмэн юм шүү дээ. Харин одоогийн нийгэм, цаг үед юу л болоод байна даа. Арай л дэндэж байх шиг санагдах юм. Ухаантай л байгаарай бялчир ҮРС МИНЬ ЭЭ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *