Учрал гишүүний гэр бүлийн үнэ цэнийг ухаарсан Ухаарал

Учрал: Өнөөдөр бага охин Учралын Уянга маань мэндэлсэн өдөр. Элэг бүтэн байх хичнээн сайхан юм бэ. Хүмүүс хов жив, атаа жөтөөгөөр хооллож эд материал, өнгө мөнгөний төлөө өөрийгөө үл танитлаа өөрчлөгдөх ч амьдралын үнэ цэн бол энх тунх, элэг бүтэн оршиход л байдаг. Ухаарал тээсэн өнгөрсөн саруудаа эргэн санахуйд хүүхдүүдээ хараад бодлогшров. Аав нь жил бүр засдаг ёолкны модоо өнгөрсөн жил чимэглэж чадаагүй. Аавынхаа, өвөөгийнхөө төрсөн өдрөөр Тэрэлж явна гээд бас л чадаагүй. Ээжийнх нь хийлгэсэн гоё дээлүүдийг хослуулж өмсөөд цагаан сараар хүүхдүүдтэйгээ мөрөө гаргадаг ёсоо дахиад л мартсан. Охидуудаа баярлуулах ёстой Мартын 8, хагас бүтэн сайнд салхинд авч гардаг уламжлал бүгд эвдэгдсэн. Харин өнөөдөр аав нь охиныхоо төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Намайг сэхээний орон дээр хэвтэж байхад миний хань 3 хүүхдийг маань авч орж ирэхэд зүрх шимширч сэтгэл өмөрч ахуйд миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү дээ. Олон жил охиныхоо төрсөн өдрийг нь тэмдэглэж хүний хань болоход нь хөтлөөд аваачих аав чинь байхыг хүсэж байна. Чи минь аав, ээж хоёрынхоо амьдралын утга, учралын уянга болж эгшиглэж ирсэн болохоор нь Уянга гэж нэр өгсөн юм шүү дээ. Уянгалж яваарай миний охин. Учралаа уянгалуулж хөөрхөн охин төрүүлсэн ханьдаа баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *