П.Бадарч: Хэзээ нэгэн цагт ИЖИЙ, ААВАА дурсаж байх цаг та нарт ирнэ шүү. Мөнх юм шиг санаж БОЛДОГГҮЙ л юмдаа…

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч

Эхийн сэтгэл

Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзсэн ч

Санаа сэтгэл дэгэлзсэн ч

Сарних бодлын үзүүрт үр минь торойно…

Хүмүүний заяаг бэлэглэсэн ачтай, буянтай эрхмүүд болох эцэг эх хоёр тань таны дэргэд буй бол та энэ дэлхийн хамгийн азтай нэгэн. Элэг бүтэн, энх амгалан байна гэдэг хэн бүхэнд хүсээд ч олддогүй, хясаад явчихдаг тавилан байдаг юмдаа. Ижий аавтайгаа байгаа нь “ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ЭНХРИЙЛ”. Нэгэнт бурханы оронд одсон бол “Бурхан мэт сэтгэлдээ шүтэж, хийж байгаа үйлс болоод ажил хэрэгээ зөв сайхан хийж яваарай”

П.Бадарч: Ижий аавыгаа ярих гэхээр уйлах гээд байх юм. Хэцүү юм байна. Энэ нүүгэлдэж буй ой модон дундаас ч юм уу, нүүж байгаа үүлэн дундаас эцэг эх хоёр маань намайг харж байгаа байх гэж бодож явдаг. Эхийн тухай шүлэг бичнэ гэдэг бол их хэцүү. Тэгээд ч би чадахгүй юм байна лээ. Манай ижий нэг л дутагдалтай хүн байсан даа. Тэр нь хүүхдээ загинаж чаддаггүй. Нэг л мэдлэггүй хүн байсан. Тэр нь хүүгээ хайрлахаас өөр зүйлийг мэддэггүй байсан.

Би амьдралдаа нэг л нүгэл хийсэн хэмээн үздэг. Нүгэл гэдэг юм уу яг юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй л байна. “Аавынхаа хурдан морины хэзийг, айл гэрийнхээ гүүн зэлийг хураагаад, хамаг хөрөнгийг нь нутагт үлдээгээд, улаанбаатар хотод аваад ирсэн дээ. Нэг муу хашаа байшинд, айлын хажууд амьдруулсан гэмтэн билээ БИ. Аавыгаа арьс шир цуглуулдаг агентид модон тэрэг хөтлүүлээд, муу ижийгээ хар цайтай нь үлдээж 30 жил гуйлгачин байлгасан. Хааяа би их л бодох юмдаа. Яасан их ачтай, яасан их хүүдээ хайртай улс байсан юм бэ дээ. Энэ бол өндөр их хайр юмдаа. Намайг дагаад хотод ирчихээд “Хотоо харлуулж, хормойгоо сэгсэрсэн” явдалд надад нэг ч зэмлэл байтугай, муу үг, муухай харц ч чулуудаагүй юм даа.

Аав, ээжийн ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Муу үг биш, муу ёр биш, над шиг чулуун дээр суучихаад модны дэргэд ижий, ааваа дурсаж байх цаг та нарт ирнэ шүү. Мөнх юм шиг санаж явж болдоггүй л юмдаа. Энэ орчлон хатуу хатуу. Туйлын хатуу. Миний нэг шүлэг байдаг юм. “Уудам уудам гэх юм энэ орчлон чинь, Уйлах газар олддоггүй юм байна”.

Өнчин хурга шиг уйлж явах цаг ирэхээс урьдаж ижий, аавынхаа ачийг хором бүрт хариулж яв гэж захья даа.

“Аргал чулуу хоёрыг

Андууран түүж саналаа

Алга аа миний хүү

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ…

…Хөхөөрөө чамайг даллая

Yхэхээрээ чамайг айлгая

Миний хүү ижийдээ ир!

Ухаантай даа миний хүү

Хурай хурай

Унага шиг ижийдээн

Давхиад ир,

Гуруй гуруй.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *