Яруу найрагч Ц.Хулангийн Ц.Оюунгэрэлд илгээсэн захидал…

Их зохиолчийн нутгийнхаа зүг ширтэн суугаа, нийслэлийн төв дэхь хөшөө олон жилийнхээ сууринааас нүүдэллэн хөдөлж ахуй цаг дор, өв соёлыг нь хямгадан дээдлэх тухай ч бас яригдаж эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг ер биш, мөнх тэнгэрийн таалал, он цагийн лүндэн хэмээн сэтгэж, гэгээн үйлсийг тань дэмжин ажиллахаа илэрхийлье.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан үзэл санаа нэгт бусад зохиолчдоо төлөөлөн бичив.

хатагтай Ц.Оюунгэрэл Танаа Эрхэмсэг Сайд Таны амрыг эрэн мэндчилье!МЗЭ-ийн XV Их чуулганаас хойш багагүй хугацаа өнгөрч, тус байгууллагыг тойрсон элдэв шуугиан намжаагүй энэ үед бидний хэдэн зохиолч Танд хандан ил захидал бичиж байна. Учир юун хэмээвээс,

Сайд Таны цагаа олсон, зөв зүйтэй санаачлагаар Монгол улсын баримтат болон биет бус соёлын өвийг бүртгэх ажил улс орон даяар өрнөж эхэлсэн нь зохиолчид бидний талархлыг хүлээгээд зогсохгүй, ёстой л “загатнасан газар маажив” гэгч зүйл боллоо.МЗЭ-ийн удирдлага сүүлийн

12 гаруй жилийн хугацаанд үе үеийн зохиолч, уран бүтээлчдийнхээ намтар түүх, гар бичмэл, эдэлж хэрэглэж явсан эд өлгийн зүйлсийг хадгалах, хамгаалах, ард түмэндээ болон олон улсад дэлгэн сурталчлах өчүүхэн ч ажил хийгээгүйгээр

үл барам үрэгдүүлэн шамшигдуулж, эзэнгүйдүүлж бүдүүлэг харанхуй, хайхрамжгүй сэтгэлээр хандсаар иржээ. Энэ нь МЗЭ-д явагдаж буй хууль хяналтын байгууллагын шалгалтаар улам ч нотлогдсоор байна.Хамгийн ноцтой, харуусан халагламаар зүйл бол их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн музей 12 жилийн тэртээд үйл ажиллагаагаа зогсоож, МЗЭ-ийн Хорооны байшин руу нүүлгэн шилжүүлэгджээ.

Үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан хөтлөх ажлыг дампууруулж, архивжуулах, товъёогжуулах явц ор тас үгүй энэ байгууллагад их зохиолчийн музейн үзмэрүүд бүрэн бүтнээрээ байгаа эсэх нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна.

Бидний лавтайяа санаж буйгаас, их зохиолчийн өмсч байсан дээл хувцас, хурууных нь хээтэй бичгийн машин, “Учиртай гурав” жүжгийн цомнол, <<Миний нутаг>>, <<Од>>, зэрэг алдарт шүлгүүдийнх нь гар эх бичмэл зэрэг чамлахааргүй арвин соёлын үнэт өв тус музейд хадгалагддаг байлаа.

Ерээд оны эхэн үед манайхны, эдүгээ ч амьд сэрүүн байгаа нэрт найрагч музейд саатах зуураа их зохиолчийн татаж асан “Наадам” Орос янжуураас хоёрхон ширхэг үлдсэнийг боловсролгүйн харгай, сониуч зандаа хөтлөгдөн аваад татчихсан гэдэг яриа бий.

Д.Нацагдоржийн бүрх малгайтайгаа авахуулсан хөрөг зурагтай нь монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичгийн хуудаснаас монголчууд бид нялх балчраасаа танилцсан билээ. Тэгвэл тэрхүү бүрх малгай орчин үеийнхээр солигдсон сураг ч байна.Д.Нацагдоржийг 1936 оны 7 дугаар сарын 13-нд, Хүрээний Есөн гудамжны өмхий шалбаагт сургааган хашаа түшин нас баpахад алган дээрээс нь борооны ус дүүрчихсэн олдсон,

нэгэн вангийн бага хатны түүнд дурсгасан гэгддэг дунд гарын мөнгөн аяга МЗЭ-ийн Хороонд хадгалагдаж байх учиртай. Хамгийн сүүлд 2011 оны өвөл эл аягыг тэнд буйг үзсэн харсан хүмүүс бий. Ямар ч сорьц тэмдэг, баталгаа хийгдээгүй тул солигдсон, алдагдсан алин болохыг энд дурдах нь илүүц бизээ.

Д.Нацагдорж бол орчин үеийн Монголын утга зохиолыг үндэслэгч гарцаагүй мөн төдийгүй, монгол үндэстэн, үе үеийн уншигчдынхаа сэтгэлд авьяасын гэрэлт нар, агуу сайхан, яруу цэцэн билгийн сод жишээ билээ.

Үүнийг гэрчлэх зохиол бүтээлүүдийнх нь гар бичмэлүүдийн эх хувиуд Хэл зохиолын Хүрээлэнд, сураг ажиг тавихнаа доктор Х.Сампилдэндэв агсны сейфэнд бүрэн бүтнээрээ хадгалаастай байсныг эрдэмтэд гэрчлэх буй.

Доктор Л.Балдан, Ч.Жачин, С.Лочин нарын Нацагдорж судлаачид ч шим тустай мэдээллээ өгөх нь гарцаагүй.Их зохиолчийн өвөрмөц давтагдашгүй, өрөвдөм гаслантай хувь тавилан, зөнч гэгээн оюун сэтгэлээс нь Хэрлэний ариун ус мэт ундран урссан гайхамшигт бүтээл зохиолууд нь хэнбугай ч түүнд ийн хатуу ширүүн хандахыг зөвшөөрөхгүй.

Тэр тусмаа яруу найрагч, зохиолч гэгддэг улс өөрсдөө ийм болчимгүй, харгис хандахыг хойч үе маань өршөөхгүй. Үйл ажиллагаа нь зогссон Д.Нацагдоржийн музейн оронд ресторан, баар, караоке 12 жилийн туршид ажилласаар ирснийг угаас бодь хэнэггүй, итгэмхий гэнэн язгууртай, үгийн уран бүтээлчид бидний ихэнх нь саяхан л олж мэдэж, мэддэг нөгөөдүүл нь нуун дарагдуулсаар өдийг хүрчээ.

Бидэнд нэр алдар, алба тушаал хөөцөлдсөн бүлэглэлүүдийн маргаан, нэгнээ давах гэсэн туйлшрал огтоос сонирхолтой биш. Харин МЗЭ-ийн удирдлагад өчнөөн жил үнэгүйдсэн Б.Явуухулан, С.Дашдооров, Д.Намдаг, Л.Ванган, Д.Пүрэвдорж, С.Удвал …гээд суутнуудынхаа тохойны хээтэй модон ширээнүүдийг, лууль шарилжинд дарагдсан аж ахуйн хашаанд хур цасанд элэгдэж, он цагийг гунигтайяа үдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

“Балтаар цавчивч балрахгүйг бийрээр бүтээсэн” өвгөд өтгөс, бичгийн мэргэдийнхээ өв соёлд дэлхийн хүн төрөлхтөн хайртай байдаг. Бээжин дэхь Утга зохиолын музей, ОХУ-ын Ясная Полянад Л.Толстойн, Царское Селод А.С Пушкины, Делид Рабиндранат Таагүүрийн, Зальцбургт Моцартын, Стратфордод Шекспирийн, Хакодатед Ишикава Такубокугийн …энэ

жагсаалтыг үргэлжлүүлбэл бид өрөөлөөр бахархаж, өөрсдөөсөө ичиж үхмээр болж байна.Эрхэмсэг Сайд аа! Таны санаачлагаар өрнөж эхэлсэн , МУ-ын баримтат болон биет бус соёлын өвд юун түрүүнд Д.Нацагдоржийн музейн үзмэрүүд, их зохиолчийн эх бичмэлүүдийг бүртгэхийг хүсье.

Мөн энэ чиглэлээр онцгой комисс даруй томилж ажиллуулахын ялдарт бусад зохиолчдын өв бүртгэгдэж, Монгол улсын ирээдүйн уншигчдад хүрч очих тийз тамгаа даруулах буй за.

Их зохиолчийн нутгийнхаа зүг ширтэн суугаа, нийслэлийн төв дэхь хөшөө олон жилийнхээ сууринааас нүүдэллэн хөдөлж ахуй цаг дор, өв соёлыг нь хямгадан дээдлэх тухай ч бас яригдаж эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг ер биш, мөнх тэнгэрийн таалал, он цагийн лүндэн хэмээн сэтгэж, гэгээн үйлсийг тань дэмжин ажиллахаа илэрхийлье.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан үзэл санаа нэгт бусад зохиолчдоо төлөөлөн бичив.