Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wealth-X” байгууллагаас хөрөнгөтэй иргэдийн жагсаалтыг саяхан гаргасан юм.
Жил болгон тодруулдаг уг жагсаалтад нь энэ жил Монголын 35 иргэн багтжээ.
Өнгөрсөн онд 40 байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт боловч гадны байгууллагын дүгнэж байгаагаар бол “Хэт их хөрөнгөтэй” гэх ангилалд нь багтсан гэж бодохоор бас ч гэж олон хүн болж таарлаа.
Цэвэр орлогын хэмжээ нь хэт ихэд тооцогдох хөрөнгөтнүүдийн жагсаалтыг гаргадаг “Wealth-X” хэмээх байгууллага нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон 10 банкны долоотой нь хамтарч ажилладаг байна.
Түүнчлэн ашгийн бус байгууллагууд болон тансаг брэнд үйлдвэрлэгчидтэй түншилдэг аж.
Сингапурт төвтэй, Нью-Йорк, Гуанжоу, Мумбай, Лугано, Сидней, Лондонд салбартай тус байгууллагын хувьд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийг хэт их хөрөнгөтэйд тооцдог.
Тэгвэл энэ жилийн хувьд жагсаалталд Японы 1480 тэрбумтан багтаж, тэргүүлсэн байна.
Харин жагсаалтад багтсан Монголын хөрөнгөтнүүдийн хөрөнгийн нийт хэмжээ нь зургаан тэрбум ам.доллар байгаа аж.
Энэ жилийн хувьд Ази, Европ, Хойд Америкийн орнуудад хэтэрхий их хөрөнгөжсөн хүмүүсийн тоо буурсан бол Араб, Латин Америк, Ойрхи Дорнодод энэ үзүүлэлт нэмэгджээ.
Америк, Европын эдийн засаг хямралтай байгаагаас гадна Хятадын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт буурч байгаа нь ийнхүү баячуудынх нь тоо буурахад нөлөөлж байгаа бололтой.
Ойрхи Дорнод, Арабын орнуудын тухайд гэвэл хэдийгээр улс төрийн хувьд тогтворгүй байгаа боловч газрын тосны эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учир олон хүн тэрбумтан болсоор байгаа аж.
Харин өнгөрсөн онд гаргасан жагсаалтад нь төв Азийн орнуудаас Казахстанаас 140, Азербайжанаас 60 хүн багтан тэргүүлж байлаа. Тэгвэл тухайн үед Монголоос 40 хүн багтаж, тэдний нийт хөрөнгийн хэмжээ нь мөн л зургаан тэрбум ам.доллараар хэмжигдэж байв.
Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс төв Азийн орнууд дундаа гуравдугаарт жагсаж байсан. Казахстаны хувьд газрын тосны шинэ талбай нээж, үйл ажиллагааг нь өргөжүүлж байсны ачаар баячуудынх нь тоо нэмэгдсэн байжээ. Гэхдээ нийт улс орнуудын хэмжээнд бол баячуудынхаа тоогоор Япон 12830, Хятад 11245, Энэтхэг 7730 болж тэргүүлсэн юм.
“Wealth-X”-ийн жагсаалтад Монголоос хэн хэн багтсан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ үүнийг таамаглаж болохоор байна.
“HERO” сэтгүүлийн редакциас 2011 онд гаргасан албан бус судалгаагаар “MCS”-ийн Ж.Оджаргал 2.3 тэрбум ам.доллар, “Гачуурт”-ын Л.Чинбат 1.3 тэрбум ам.доллар, “МАК”-ын Б.Нямтайшир 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэх зэргээр жагсаалт гаргасан байдаг. Тухайн үед уг жагсаалтын 13 дугаарт бичигдэж байсан “Чоно” группын тэргүүн Т.Энхболдсодонг саяхан Авлигатай тэмцэх газраас баривчилж, Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд зааснаар бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэж үзэж байгаа билээ. Зарим нь түүнийг МИАТ-ийн хэргээр ял сонссон Б.Эрдэнэбилэгтэй холбоотой хэмээн хардаж байгаа юм.
Монголд чинээлэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа мэдээлэл анх цацагдаж эхлэхтэй зэрэгцээд барууны хэвлэлүүд ч энэ тухай мэдээлж байлаа. Тухайлбал, “New York Times” сонинд “Баян, ядуугийн ялгаа ихсэхийн хэрээр Монголд авлигын асуудал хурцаар тавигдах болсон” гэж бичсэн байдаг. Түүнээс гадна “Монголын хувийн компаниуд уул уурхайн баялагтаа түшиглэн хөгжиж байна” хэмээн “Washington Post” сонинд бичиж байв.