Б.Мишээл:“Нийслэл хүүхэн”-д надтай төстэй зүйлүүд бий жишээ нь…

“Нийслэл хүүхэн” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Мишээлтэй ярилцлаа.

-“Нийслэл хүүхэн” хэдэн ангитай вэ, зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ? -“Нийслэл хүүхэн” уран сайхны кино нийт 12 ангитай. Зураг авалт наймдугаар сарын 12 хавьцаа эхэлсэн санагдаж байна, сар гаруй хугацаанд үргэлжилсэн. -Бодит амьдрал дээр Б.Мишээл “нийслэл хүүхэн” мөн үү?

-Дүрийн хувьд надтай төстэй зүйлүүд бий. Би хотын унаган хүүхэд. Жүжигчин мэргэжлийг сонгосноос хойш л хөдөө гадаа явдаг болсон. Багадаа хөдөө ер нь явж үзээгүй охин байлаа. СУИС-д ороод, “Монгол ахуйгаа мэдэхгүй хаагуур юу хийж явсан юм бэ” гээд ангийнхаа багшид загнуулдаг байсан л даа. СУИС монгол ахуй, соёл уламжлал гэж ямар гайхалтай үнэт зүйл гэдгийг зааж сургаж өгсөн гэж хувьдаа их баярлаж явдаг.

 -Зураг авалт хаана болсон бэ, их гоё байгальтай газар байсан? -“Хаана зураг авсан бэ, яасан гоё байгальтай газар вэ” гэж хүмүүс их асууж байна. Киноны баг нийт 50-иад хүний бүрэлдэхүүнтэй явсан. Олон хүнтэй учраас хотоос зайтай явах боломжгүй байснаас хотын ойролцоо шийдсэн. Тэрэлжид UB-2-ын гармаас нэлээд цаашаа явж зураг авсан.

 -Зураг авалтын үеэр хөгжилтэй явдлууд олон тохиолдсон уу? -Сар хагасын хугацаанд бид ямар ч стрессгүй, үнэхээр хөгжилтэй, зугаатай адал явдалтай байж, сайхан хамт олон болж, сайхан уран бүтээлийн ард гарсан. Бие биедээ маш их дасч, сайхан ах дүүс, найзууд болсон. Гэрэл гэгээтэй, хөгжилтэй комеди кино учраас зураг авалт маань ч дандаа инээдтэй, хөгжилтэй өрнөж, өдөр болгон инээлддэг байсан л даа.

 -Хамгийн хэцүү санагдсан хэсэг нь юу байв? -Голын ус руу шидүүлдэг хэсгээс жаахан айж байлаа. Есдүгээр сарын сүүлээр голын хөвөөнд нэлээд хүйтэн болж, мод шарласан байсан. Голын ус хага ташиж байлаа. Найруулагч маань шар тос залгиж, хүзүү амаа сайхан тосолчих гэж зөвлөсөн. Үнэхээр хүйтэн байсан ч хийх л ёстой гэж хичээсэн.

 -Олны танил жүжигчидтэй хамтарч тоглосон шүү дээ. Зураг авалтын үеэр сонссон хамгийн сайн зөвлөгөө юу байв? -Мундаг сайхан уран бүтээлчид, жүжигчидтэй хамтарч ажилласан. Ааяа эгч, Лхагваа ах, Баатархүү ах, Магнай ах, Цэвэгмэд эгч нарыгаа анзаарахад дүр дээрээ их сайн ажилладаг юм билээ. Зохиол дээрээ бүгд сайн ажилласан л даа. Зохиол гарч ирэхээр өөрсдөө санал бодлоо хуваалцаад, миний дүр иймэрхүү юм шиг санагдаж байна, ингээд нэмчихвэл яах вэ гээд жүжигчид маань найруулагчтайгаа санал бодлоо хуваалцаж, бөөгнөж сууж, инээлдэж байгаад ургуулж бодож төсөөлж дүр дээрээ маш сайн ажилласан.

-Хүү тань “Нийслэл хүүхэн” киног яаж хүлээж авсан бэ? -Ер нь хүүхдүүд энэ кинонд их дуртай байх шиг байсан. Тэдэнд их хөгжилтэй санагдсан юм шиг байна лээ. Хүү маань “Миний ээж жүжигчин” гэж ярьдаг. Ээжийг нь “чадаж”, эсгийд боогоод, гол руу шидэж байгаа хэсгийг хараад хүү маань “Миний ээжийг яаж байгаа юм бэ” гэсэн. “Энэ чинь кино шүү дээ, ээжийнх нь ажил” гэж тайлбарласан. Одоо л яг ойлгож эхэлж байх шиг байна.

-Ингэхэд оркууд гэж хэн бэ, хотын соёлыг төлөвшүүлэхэд юу шаардлагатай гэж үздэг вэ? -Оркууд гэдэг үг сүүлийн таван жилд их тренд болоод байх шиг. Оркууд гэхээр соёлгүй бүдүүлэг хүмүүс л гэж ойлгодог. Түүнээс биш хотынхон гэхээр орк биш гэсэн үг биш шүү дээ. Хотынх ч гэсэн соёлгүй бүдүүлэг хүмүүс зөндөө бий.

эх сурвалж: мисс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *