Уранхолбоо ‘Ододтой бүжиглэе’ нэвтрүүлэгт хандан ҮГ хэлэв

Өнөөдрөөс яг 3 сарын өмнө Mongol телевизээс дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгааг дуулгаж, нэвтрүүлэгт оролцох санал ирж байсан. Тэр нь мэдээж “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг маань байлаа. Нэвтрүүлэгт оролцохоос өмнө эхлээд BBC телевиз рүү оролцогчдын материалыг явуулаад, түүнд тэнцсэн хүмүүс нэвтрүүлэгт оролцох эрхтэй болдог юм билээ. Төд удалгүй тэнцсэн хариу маань ирж, шоундаа ороод өчигдөр 8 дахь долоо хоногийн дугаартаа оролцлоо. Энэ хугацаанд бүжгийн урлагийн яруу тансаг байдлыг мэдрэхээс гадна ямар их тэсвэр тэвчээр, хатуужил шаарддагыг мөн төдий чинээ ямар их баяр баясал, ухаарал, сэтгэлийн амар амгаланг өгдгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ.

Мөн энэ хугацаанд хамтран бүжиглэсэн алтан партнёр  дүүдээ маш их баярлалаа. Үргэлж дэмжиж, ойлгож,урам хүч өгч ирсэн дэндүү мундаг хамтрагч. Өнгөрсөн дугаарт Содоод маань хүндэтгэх шалтгаан гарч, нэвтрүүлэгтээ оролцох боломжгүй болсон юм. Гэвч нэвтрүүлгийн багаас энэ талаар тайлбар мэдээлэл өгүүлээгүйн улмаас ойлгомжгүй байдал үүссэнд үзэгч, дэмжигч та бүхнээсээ хүлцэл өчье.Удахгүй Содоотойгоо та нарыгаа уулзуулж, энэ бүхний хариултыг хамтдаа өгөх болноо.

Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл намайг үргэлж дэмжиж, хайрлаж, урмын үгээ харамгүй өгч байсан хайрт хань, найз нөхөд, үнэнч дэмжигч, үзэгч,ээжүүд эмэгтэйчүүд,шоуны маань оролцогч хайртай одууддаа,мэргэжлийн бүжигчид,эрхэм хүндэт бүжиг дэглээч нартаа,шоуны ард үргэлж тусалж дэмждэг байсан хөөрхөн дүү нартаа маш их баярлалаа Үнэхээр амьдралын маань дурсамж дүүрэн 90 хоног энэ хугацаанд та нартай минь хамт өнгөрлөө. Миний хувьд энэ нэвтрүүлэгт орсноос хойш бүжгийн урлагт дурлаж, бүжгээр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд бүжиг сонирхогч хүүхэд багачууддаа зориулан Алтан Партнер Б.Содоо болон түүний үзэсгэлэнт эхнэр Ариука нартайгаа хамтраад Хүүхэд багачуудын бүжгийн их өргөөг байгуулах болсон байгаагаа энэ дашрамд дуулгая Хийх бүтээх зүйлс ундарсан сайхан мэдрэмжтэйгээр өглөөг угтлаа. Бүх зүйлд талархая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *