Амараа минь чи ХЭЗЭЭ Ч жүжигчин БОЛОХГҮЙ. Эртхэн өөр юм бод гэж багш минь хэлж байж билээ.

Холливуд Амараа хэмээн олноо алдаршсан жүжигчин залуугийн аливаад хандаж буй хандлага, эрч хүч, энерги дундаршгүй бөгөөд уран бүтээлээрээ батлан харуулдаг билээ. Түүний жүжигчин болох эхний алхамаа хэрхэн хийсэн талаарх сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.

Жүжигчин Б.Амарсайхан: Намайг СУИС дөнгөж ороод байж байтал нэгэн багш маань “Амараа чи хэзээ ч жүжигчин болохгүй, ийм сөөнгө хоолойтой хүнийг сургууль соёлоо төгсөөд хаана ч авдаггүй юм, эсвэл чи орлон тоглогч л болно, миний хүү эртхэн өөр юм бодож үз, энд ингэж цаг алдаад юүхэвээ” гэлээ. Жүжигчин болох хүсэл мөрөөдөл, баяр хөөр маань царцаж хөлдөх шиг л болсондоо. Хэдэн өдөр унжийж, гудайж л явлаа, юу эсийг бодохов дээ. Бас өөр нэгэн багш маань хүртэл ангийн хурал дээр босоод “Сөөнгө хоолойтой адгийн муу Амараа хүртэл…” гэж иш татаж байлаа.

Нэг өдөр сургуулийн коридорт сууж байтал бүжгийн ангийн нэг эгч “яасан” гэж бна. Би ч багшийн хэлснийг хэлээд л авлаа. Тэгтэл тэр хүн миний амьдралд өөрчлөлт авчирсан маш чухал үгсийг хэлсэн юм. Энэ нь “Амараа чи ДЕФЕКТ-ийг ЭФФЕКТ болгоно гэж мэдэх үү? Чиний хоолой дефект мөн гэхдээ чи энийг еффект болгож болно шүү дээ.” гэлээ. Нээрэн тийм юм байна! Үүнээс хойш би ордоггүй байсан хоолойн дасгалдаа орж, хоолойгоо дээд доод өнгө рүү дуугаргаж, аль болох өргөн диапазонотой болгохыг л хичээсэн юмдаа. Гадны кинонд очиход хамгийн түрүүнд л миний муу сөөнгө, бахир хоолойг магтана. Өвөрмөц гэж жигтэйхэн. Зарим жүжигчид сөөнгө болох гэж хоолойгоо шахаж зориуд шивнэж ярьдагаа ч хэлнэ… Энэ мөчид өөрөөрөө бахархах шиг…


Би Амьдралд тохиолдсон аливаа асуудлыг ч бас тэрхүү эгчийн хэлсэн талаас нь хардаг болсон. Сорилт, асуудал, бэрхшээл бол боломж юм байна лээ. Өнөөдөр дэлхий дахин биднийг харж байна шүү дээ найзуудаа. Энэ бол Монгол хүний мөн чанарыг харуулах боломж шүү, Монголчууд ямар хүнлэг, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй юм бэ. Монголчууд ямар эрүүл чийрэг юм бэ. Монголчууд яаж чадаж бнаа… Юу ч болж байсан бай, Юм үзээгүй бацаан шиг сандарч ийш тийшээ үсчихгүй шүү та минь ээ. Хэн нэгнийг харааж, шүүн тунгаавал бидний байдал дээрдэхгүй. Тайван уужуу байна шүү нөхөд өө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *