Р.Эмүжин: Уйлахгүй бол нулимсгүй гэж бүү эндүүр…

Р.Эмүжин: Уйлахгүй бол нулимсгүй гэж бүү эндүүр…

Чухал үнэнийг уран яруугаар түс тас хэлээд орхидог зохиолч Р.Эмүжингийн өгүүллээс та бүхэндээ хүргэж байна.

Гэзэг үсийг минь сүлжиж гоёод, гэр дүүртэл эрхэлж гүйдэг гэгээхэн хөвгүүнтэй хүн дээ би. Гэтэл яав, эр хүн харахаараа эргэлзэж хялалзаад, хөвгүүдэд хөндөлсөж хатуурхаад байдаг цаг үе болчихжээ. Үсчинд орсон ч хөөе чи хөшөө шиг суугаач гэж хялалзаад, дэлгүүрт очсон ч хулгайч байгаа юм шиг зандарч харьцаад, дэргэдүүр нь гарсан ч дээрэмчин байгаа юм шиг үргээд, нийтээрээ ажил хийсэн ч эрэгтэй юм байж илүү хөдөл гэж шахаад, энд тэндэхийн дугуйлан сургалтанд очсон ч эр юм байж энүүхнийг сурч яадгийн гэж буландаад… Алагчилж шахсан эр хүндээ алс нь ачаа үүрүүлээд зүтгүүлдэг л амьдрал шүү дээ, уг нь чиг.

Хөвгүүд хөөрхөн, мэдрэмжтэй, элгэмсүү, эрх, зүрх нь хайраар цохилж, зүс нь зоригоор өөриймсдөг… Уйлахгүй болохоор нь нулимсгүй гэж бүү эндүүр, аашлахгүй болохоор нь аргаддаггүй гэж бүү андуур, гол шиг гоо төрсөнгүй гэж бүү гадуурх, тэд өөрийн гоо сайхантай, хамт дэлгүүр хэссэнгүй гэж бүү гоморх, тэд өөрийн ертөнцтэй, тэндээ үлдэж байж л эр хүн гэж оршдог юм.

Балчир жааханд нь тамхилна гэж тэнэгтээд хамгийн нандин эрхтнээс нь хамаагүй зууралдана. Багахан том болохоор нь барилд гэж баахан шахна. Өсч өндийгөөд ирэхээр нь өргөж дааж болох бүхнийг өеөдөж болох бүх шалтгаантай хамт эр хүн болж төрснийх нь төлөө үүрүүлчихнэ. Охин дүүгийнхээ сургалтын төлбөрийг ол гээд олны дунд чихээд оруулчихна, ажлын мал уу ямар, ачааны тэрэг үү, бас. Ахиад том болохоор нь амьд АТМ гээд бодчихно, мөнгө олохгүй бол мөнчгөртэй нь ярина. Адилхан гар хөлтэй, ганцаарддаг сэтгэлтэй хүн юм л даа, уг нь.

Гоё сайхан төрсөн хүний хүүг цэнхэр юм уу гэж адлана, аятайхан ч төрчихөж болохгүй арай л хэцүү юу? Шанаа даах ёстой л гэнэ, шалаанзны данхраад юм уу, тэр шанаа нь. Шархаа даах ёстой л гэнэ, долоогоод эдгээдэг чоно уу, өөр өөр төрөл зүйл юм л даа. Нийгмээрээ буланд шахчихсан эрчүүдээсээ бузгай сайхан инээмсэглэл хүсээд уурлаад байх ер нь бол хэрэггүй шүү.

Хөвгүүнээ бууж өгсөнгүй гэж бүү хатуурх, буултаа дотроо л зангидна, зогдороо босголоо гэж бүү ад үз, зовлонг үргээх сүр нь юм. Тэрслүү зантай гэж бүү шүү, тэнхээ нь тэр юм. Тэвчээр, тэнгэр хоёрт ойрхон яваад цуцдаг юм. Эрслэнгээсээ нөмөр хайдаг арслангууд гэдгийг нь бүү март, эм хүнээс энхрийлэл хүлээдэг эр сэтгэл гэдгийг нь бүү огоор, за. Ээжийгээ ингэж гоёдог хөвгүүний минь энгэр зөөлөн сэтгэлийг хатуу нийгмийн хатавчинд бүү гундаа, тэртэй тэргүй амьдрал хатуу, тээглэж ойчих, тэмтрээд босох эрх хүн бүрт адилхан байдаг юм. Өсвөр насны хөвгүүдийн асуудал дундуур өсгийгөө зулгартал туучиж яваа жирийн л нэгэн ээж нь байна аа би.

Алаг жаахан үрсээ хайрлаж хүн болговол, эргээд тэр хайрыг бусдад түгээдэг юм шүү.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!