Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбар бүрт амжилт гарган ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медиалийг гардуулсан билээ.
Үүнээс онцлох нэгэн үзэсгэлэнт бүсгүй бол жүжигчин Г.Ундармаа байлаа. Тэрээр монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн бөгөөд хамгийн нүдээ олсон шагнал гэдэгтэй маргалдах хүн байхгүй бизээ.
МУГЖ Г.Ундармаа бүсгүйд баяр хүргэх олон мянган хүн байгаагийн дундаас зохиолч Р.Эмүжингийн мэндчилгээ хамгийн содон байлаа. Тэрээр өгүүлэхдээ:
Ундармаа маань Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг өрөөг тохижуулах гээд засварыг нь эхлүүлээд, тэгсэн чинь таван давхар паркетан шал хуулах болчихоод, цаг хугацаандаа амждаггүй, жүжгийн ажлаа түр хойшлуулан барин зүтгэхээс аргагүй болсон юм. Би ч яахаараа таван давхар шалтай байдаг юм бэ гэж гайхлаа. Өмнө нь засвар хийхдээ шалыг нь хуулахаас залхуураад давхарлаад байдаг байж…
За яг үнэндээ би түүний хамгийн сүүлд хэрэгжүүлсэн уран бүтээлүүдийн гурван ч том төсөлд гар бие оролцохдоо хоёр ч удаа барилгын засварын бээлийтэй зогсож байхыг нь харсан юм даа. Та бүхний тайз, дэлгэцээс жүжигчний дүрээр хардаг энэ бүсгүй инээд нулимс хоёроо үүрээд ийм их ажил амжуулж явдаг гэдгийг мэдэх үү? Ундармаа өөрийн киноны орлогоос жил бүр тогтмол хүмүүнлэгийн ажил эрхэлдгийг мэдэх үү… Жирийн нэгэн уран бүтээлч тэрээр нийт 140сая төгрөгийг гарган, эх хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн тохижилтын ажил хийсэн юм. Түүний хүмүүнлэгийн ажлууд нь 2010 оноос эхтэй.
“UFilm” уран бүтээлийн нэгдлийн сүүлийн хоёр төсөлд гэхэд нийт 1000 шахам хүн ажиллаж, цалинжиж, ихийг сурч, их урлагийн гараагаа эхэлсэн. Зураг авалтын талбай руу 250-300 хүн удирдаад гарна гэдэг, хоол унд, байр саваа зохицуулж, олон хоног, сараар баг болон ажиллана гэдэг тийм амархан уу…
Ундармаагийн бас нэг үнэлүүштэй чанар бол залуу үеийнхэнтэйгээ төвөгшөөлгүй хамтарч, төсөлдөө татан оролцуулж, ажил амьдралын гараанд нь хөтлөөд хүргэдэг юм. Одоо тэгээд асуу даа. Ундармаа яахаараа Соёлын гавъяат зүтгэлтэн болдог юм бэ гэж асуугаад үз. Харин ч чухам эзнээ олсон шагнал байлаа. Хэлдэг нь олон, хийдэг нь цөөхөн болсон энэ цагт улам ихийг амжуулж, уул Алтайн бүсгүй салхи сөрж чаддагийг харуулаарай, Ундармаа минь. Аз жаргал хүсье, дэндүү бүтээлч зүрх сэтгэлд чинь, дэндүү дэврүүн мөрөөдлүүдэд чинь… дэндүү эрсдэлтэй он жилүүдийг дэндүү гэгээн туулна аа.