Ж.Алтаншагай: Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье.

Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагайг ямар сайхан жудагтай залуу гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Жүжигчний мэргэжлийн хажуугаар маш мундаг хөтлөгчийн ажил хийдэг билээ.

Тэрээр гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэх нэгэн бөгөөд цэцэн шиг хөөрхөн үрсийнхээ сайн эцэг, халамжит сайхан ханийнхаа уул шиг түшигтэй хань байх бахархалт залуу юм. Тэр ч утгаараа залуучуудад хандан ийн хэлжээ.

Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж юм. Би тухайн үед маш их айж сандарч байсан. Хорин настайдаа хоёр ихэр охидын аав болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү.

Эр хүнд тэвчээр гэх зүйл байх ёстой. Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Эхнэр бид хоёрт анх амьдрах байр, орон сав байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу юу ч байгаагүй. Гэхдээ хичээсэн. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон. Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан.

Найз охиноо хүүхэдтэй нь орхиод явсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш их зүйл мэдэрнэ. Эмэгтэй хүнийг хайрлаж байна гээд ийм залуус их ажиглагддаг. “Гэрийнхээ бүх мөнгийг би л хөдөлмөрлөж олж байна.Чи юу хийж байгаа юм” гэж. Битгий гуцаж бай гэж хэлмээр байна. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ зүйл надад их эмзэг тусдаг.

Миний эхнэр хамгийн том ажлыг хамгийн өндөр хариуцлагатайгаар гүйцэтгэдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн бүсгүй хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *