Жинхэнэ найз гэж байдаггүй гэдэг үгийг хичнээн ч олон сонсов доо. Тэгсэн ч би жинхэнэ найз, үнэнч нөхөрлөлд итгэхээ хэзээ ч болиогүй. Яагаад гэвэл нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжлэнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд бий болохоор тэр шүү дээ. Тэд чиний жинхэнэ нөхөд мөн л бол дараах чанарууд заавал байгаа.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/03/daiga-ellaby-pUd8JucesAc-unsplash-683x1024.jpg)
Муудалцсан ч тэд чамайг хайрласан хэвээр л байдаг: Бүсгүйчүүд бидэнд муудалцах шалтгаан олон байдаг, нээрээ шүү! Ядаж бүгдээрээ амархан гомдож, амархан баярладаг “эргэх” холбооны системтэй эмзэгхэн улс. Гэсэн ч муудалцаж, дахиж уулзахыг хэсэгтээ хүсэхгүй болтлоо хагаралдсан ч нэгнийхээ царайг харах төдийд л зөөлөрч, дорхноо бууж өгөхийг хүсдэг шүү дээ. Эртээд болсон хэрүүл маргаанаас илүүгээр өчигдөр тохиолдсон сонин сайхнаа ярих л чамд чухал. Жинхэнэ найзууд. Тийм ээ, энэ чинь л байхгүй юу!
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/03/omar-lopez-770jbAj_wvQ-unsplash-1024x683.jpg)
Эрэгтэй хүн ч нөхөрлөлийг чинь сүйтгэж чадахгүй: Хоёр сайн найз минь жилийн зайтай нэг залуутай үерхсэн юм. Хоёулаа удаан, хоёулаа гүнзгий харилцаа. Тэднийг уулзуулчихаад хоорондоо үг солилцохыг ч хүсэхгүй байх даа гэж бодтол яасан гэж санана! Хоёр хөөрхөн минь бие биенээ тэврээд асгартлаа уйлсан юм. Үл ойлголцлоос болоод уулзах ч гүй явсаар нэгнээ дэндүү санасан нь тэр байж. Одоо тэдний хэнийх нь ч амьдралд нөгөө залуугийн оролцоо байхгүй. Жинхэнэ найзуудын нөхөрлөлийг ямар ч эр хүн эвдэж чаддаггүй юм.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/03/court-cook-6j79Y9G3Dfo-unsplash-683x1024.jpg)
Гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэх гэж оролцоно: Харж байгаа биз. Нөхөрлөл нь эргэн тойрныхонд чинь ч алдаж болохгүй үнэ цэнэтэй санагддаг болохоор хэн нэгэн гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлээхээр хичээж буй нь тэр юм.
Хол зай, урт цаг хугацаа асуудал биш: Хичнээн хол байсан ч, хэдэн жилийг тусдаа үдсэн ч эргээд уулзахад өчигдөрхөн салсан мэт дотно мэдрэмж бол та хоёрынх. Яагаад гэвэл сайн найзынх нь зүрхэнд чиний тасалгаа нэгэнт байрласан л бол хаалгыг нь хэдэн ч удаа хаасан гэсэн эргээд онгойхдоо тун амархан байдаг.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/03/budka-damdinsuren-FH92VcDGkNk-unsplash-1024x683.jpg)
Дээрх шинжүүд байхгүй, та нарын нөхөрлөл нөхөрлөл биш юм шиг санагддаг бол магадгүй бурхан чамайг ганцаараа өөрийгөө бүрэн дааж авч явна гэдэгт үнэхээр итгэдэг болохоор л тэр байх. Сайн найзын туслалцаа,дэмжлэггүйгээр ч чамайг хүчирхэг нэгэн байна гэж хүлээлгэсэн түүний итгэлийг бүү алдаарай.