Оросын төрөх эмнэлэгт амаржсан хоёр ээж хүүхдүүдээ санамсаргүйгээр солигдсоныг мэдэлгүй 102 хоногийн дараагаар буцаан сольжээ.
Мөн хоёр ээжийг хоёуланг нь Людмила гэдэг бөгөөд кесераво хагалгаагаар төрж хоёул охинтой болсон байна. Гэвч эмч нарын хайнга үйлдлээс болж тэдний охид солигдсон байжээ.
32 настай Людмила Дубаэва энэхүү үйл явдлаас болж нөхрөөсөө салахад хүрсэн гэнэ. ДНХ-ын шинжилгээгээр өөрийнх нь хүүхэд биш болохыг мэдсэн нөхөр нь түүнээс салах дээрээ тулаад байсан гэнэ. Тиймээс Людмила Дубаэва болон зөн совингоороо хүүхэд нь анхнаасаа өөрийнх биш мэт санагддаг байсан 28 настай Людмила Трофимова нар амаржсан эмнэлэгтээ шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт тавьсан боловч эмнэлэгийн зүгээс “хүүхэд солигдох боломжгүй” хэмээн хүсэлтийг хүлээж авахаас цааргалсан байна.
Тиймээс тэд өөрсдийн зүгээс төлбөрөө хийж ДНХ-ын шинжилгээг хийлгүүлтэл тэдний хүүхдүүд солигдсон болох нь тогтоогдож тэд цагдаад гомдол гаргасан байна. Харин долоо хоногийн дараа эмнэлэгийн зүгээс буруугаа хүлээж тухайн өдөр ажилласан ажилтнаа халж өөрсдийн зүгээс ээж нарт хэрэгтэй зүйлсээр туслахыг санал болгожээ.
Людмила Трофимова
“Анхнаасаа л надад минийх биш, өөр хүний хүүхэд аваад ирсэн юм шиг санагдаад байдаг байлаа. Үүнийг би эх хүний зөн совингоороо мэдрээд байсан. Мэдээж Аннаг (гурван сар хамт байсан хүүхэддээ Анна гэж нэр өгсөн байжээ) өгч явуулахад хэцүү байсан. Түүнийг би хөхөөрөө хооллодог байсан” гэж Людмила Трофимова хэлжээ.
Людмила Дубаэва
Харин Людмила Дубаэва “Төрөх дөхсөн байхдаа хэт авиан туяагаар харуулахад хүүхдийг минь 3600 гр жинтэй байна гэж байсан ч төрсний дараа надад 2800 гр жинтэй хүүхэд аваад ирсэн нь үнэхээр цочирдуулсан юм. Нөхөр маань өөрийнх хүүхэд биш гэдгийг мэдээд их уурлаж бид бараг салах дээрээ тулсан байсан. Надад маш хэцүү байсан. Байнга л уйлж, сэтгэл санаагаар унасаар хөхний минь сүү ч татарсан” гэжээ. Тэдний үзэж буйгаар хоёул ижил нэртэй учир сувилагч овгийг нь анзааралгүй, андуурч хүүхдүүдийг сольсон байх магадлалтай аж. Хоёр ээж одоо харилцаагаа таслахыг бодолгүй байнга уулзаж хүүхдүүдээ хэрхэн өсөн торниж байгааг харж, бие биедээ тусалж дэмждэг болсон гэнэ