Харшлын үед дааврын эм, тариа хэт хэрэглэвэл их гаж нөлөөтэй бөгөөд…

Манай орны нөхцөлд тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацааг ургамлын харшлын идэвхтэй үе гэж нэрлэдэг.

Тав, зургаадугаар сард модны тоосонцорын харшлийн үе, зургаа, долоодугаар сард үет ургамал буюу согоовор, буудай гэх бутлаг ургамлын үе, долоогоос аравдугаар сард шарилж, халгай гэх хогт ургамлаас харшлах үе байдаг.

Ургамлын болон тоосонцорын харшлаар өвчлөгсдийн тоо ихэсч байгаа талаар “Эозинифилия” эмнэлгийн их эмч Д.Батжаргалтай ярилцлаа.

-Тоосонцрын болон ургамлын харшлын үед анхан шинж тэмдэг яаж илрэх бэ?
-Хамар битүүрэх, нүд хорсох, нулимс гоожих, нүд чих хамар загатнах, улайж хавдах нийтлэг шинжээр илэрдэг. Өвчтөндөө маш хүндрэлтэй байдаг. Ийм шинж илэрвэл эртхэн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Юунаас харшилж байгаагаа сорил тавиулж мэдэх нь зөв.

-Харшлаа эмчлүүлэхгүй удсанаар ямар өвчний суурь тавигддаг бэ?

-Гуурсан хоолойн бөглөрөл гэдэг өвчин үүсдэг. Байнгын эмийн дадалтай, эмчийн хяналтанд ордог өвчин. Хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болдог. Энэ өвчнийг дэлхий нийтээрээ бүрэн төгс эмчилж чадаагүй байгаа.

-Харшил үүсгэхгүй байх талаасаа хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь хүний өөрийн дархлаанаас шалтгаална. Биеэ чийрэгжүүлэх, харшлын үед ам хамрын хаалтыг чийглэж, архаг өвчнөө эмчлүүлэх нь чухал. Харшлын улирал угтуулан харшлын эмчилгээ хийлгэж урьдчилан сэргийлнэ.

-Ямар эмчилгээ сайн үр дүнтэй вэ?
-Дэлхий нийтийн эмчилгээний хандлага бол аль болох тухайн үед нь шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх, хийгээд үр дүн нь гарахгүй бол хоёрдугаар шатны эмчилгээ буюу даавар хамаарлын эмчилгээг хийдэг. Эмчилгээг эмчийн заалтаар хийдэг. Гэтэл манайд мэргэжлийн бус эмнэлэгт болон хувиараа эмчлэх нь буруу.

-Дааврын эм тариаг харшилд хэрэглэх нь хэр зохимжтой вэ?

-Гаж нөлөө ихтэй. Тухайн үедээ зовиурыг нам дардаг ч гэсэн бөөрний дээд булчирхайг сэдрээдэг. Бөөрний дутагдалд ч оруулах сөрөг нөлөөтэй. Мөн гармоны өөрчлөлтөнд оруулдаг. Эрэгтэй хүн үр тогтоох чадваргүй, эмэгтэй хүн өндгөн эс ялгаруулахгүй болдог шинж тэмдэг хүртэл илэрдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *