Ц.Алдармаа:Хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж, нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн Муу Охин

Жүжигчин Алдармаа олон жилийн өмнө халуун ус цацсан хэргээр олныг сэртхийлгэж байсан. Энэ нь мэдээж түүний гашуун дурсамж болж үлдсэн. Харин тэрээр энэ тухай хэдэн зүйл бичжээ:

Би аавыгаа зовоосон өөдгүй охин Дөлгөөн тогтуун харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн муу охин. “Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү байдгын байна ” гэж аав минь шагширч суусан гэдэг. Гэхдээ ааваа: Та минь байсан болохоороо л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа. Ээжийгээ би зовоосон муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зуусан бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй үгүй. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань , аягалж тавьсан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэр мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ. Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авчирвал өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм билээ. Би хайртай дотныхоо олон олон хүсүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *