Мөнхбаясгалан: Тэр өөрийн алдаанаас болж хэцүү газар сууж гараад удаагүй байсан. Монголоор нэг дуулиан болчихсон бараг л толгойтой бүхэн зүхэж байсан цаг

Сэтгүүлч Мөнхбаясгалан түүнтэй яриа хийж байсан талаараа бичжээ. Тэрээр:

Ай Алдармаа… Жүжигчин Ц.Алдармаатай би одоогоос 4 жилийн өмнө 2016 оны 1 р сарын 5 ны өдөр Цензургүй яриа хийж байлаа. Тэр өөрийн гаргасан алдаанаас болж хэцүү газар сууж байгаад гарч ирээд удаагүй байсан санагдана. Монголоор нэг дуулиан болчихсон бараг л толгойтой бүхэн зүхэж байсан цаг шүү дээ. Гэвч тэр залуухан бүсгүй, бас залуухан ээж…

Нийгэмдээ гарч ирэх ёстой, цаашид үргэлжүүлэн ажиллаж амьдрах ёстой тэр цаг хугацаа таарсан хэрэг. Бидний яриа их л аятайхан болсон доо. Ц.Алдармаа нэг ч удаа өөрийгөө өмөөрөөгүй. Тэр өөрийнхөө алдааг бүрэн ухамсарлаж, уучлал гуйж уйлж байлаа. Бүтэн цагийн эфир ухаарал харуусал дүүрэн байсан даа. Эцэстээ би түүнд “залуу хүн нэг алдаагаа бодоод л хямраад суугаад байж болохгүй. Уран бүтээлээ хийгээд сайн сайхны төлөө зүтгэж сайхан амьдраарай, дараа уулзахдаа огт өөр сэдэв ярина шүү” гэж хэлсэн юм. Тэр цагаас хойш 4 жил өнгөрчээ. Энэ хооронд Ц.Алдармаа олон кино жүжигт тоглосон. Харин одоо өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны “Эхиймаа ” киног үзэгчдэд өргөн барьж байна… би Алдармааг харах тоолондоо “ай, Алдармаа…” гэж шүүрс алддаг юм.

Үзэсгэлэнтэй, ухаалаг, дайчин…дээрээс нь залуухан бас авьяаслаг. Тэр нэг удаа алдсан. Гэхдээ алдаагаа сэтгэлийн угтаа ухаарсан, харамссан. Өргөстэй цэцэг шиг. Гоёмсог, харуусам, авьяаслаг. Гэхдээ тэр араасаа санаа алдалт дагуулдаг. Бүтээж буй дүрүүд нь нэг тийм амьсгалаа татаж байгаад анхаармаар тавилттай. Ардын дууны Сүнжидмаархуу…юм шиг, хаяа санагдана. Алдаа, оноо, үзэсгэлэн, хайр, ухаарал, эршүүд эрэмгий чанар…бас хэлсэндээ хүрдэг.

2016 онд надтай ярилцаад гарахдаа “Би заавал эргэж босно оо … Сайхан ураан бүтээл хийгээд нүүр бардам тань руу ярина аа “гэж тэр хэлсэн. Тэр амлалтдаа хүрчээ. “Эхиймаа” уран сайхны киног үзэж байж л Ц.Алдармаагийн зүрх сэтгэлийг ойлгох байх. Ямартаа ч уран бүтээлийн идэр насандаа цэцэглэж яваа энэ бүсгүйн дотор юу оршиж байгааг, ямархуу уран бүтээлч болохыг нь харах гэж тэсэн ядан хүлээж суугаа. Бас 4 жилийн өмнөх бидний ярианаас хэсэглэн оруулж байна. Ай Алдармаа…гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *