20 гаруй жилийн хугацаанд монголчуудын стресс, бухимдалыг инээд хөөрөөр сольж хэсэгхэн хугацаанд аз жаргалыг мэдрүүлдэг байсан урлаг бол хошин урлаг юм. Сүүлийн үед олон нийтэд инээд хөөр бэлэглэх уран бүтээл, тв контент, сошиал контентүүд ихээр түгсэнээр тайзны хошин урлагийн эрэлт багасч, хошин урлагийг муу хэлэх хүмүүс олширчээ.
Үүнд хошин урлагийн томоохон төлөөлөл болох МУГЖ И.Одончимэг өөрийн бодлоо хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ: ”Хошин урлагийг муу хэлэх хүмүүс байдаг. Энэ бол боловсролгүй хүмүүсийн яриа гэж боддог. Ер нь лидер хүн ч юм уу эсвэл олон дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой гэж ойлгож болохгүй. Боловсрол гэдэг бол маш өргөн сэдэв шүү дээ. Тийм учраас үүнийг би зориуд онцолж хэлж байгаа юм. Хэн нэгэн хүн хошин урлаг муухай гэж хэлэнгүүт л хошин урлаг чинь муухай юм байна гэж ойлгодог. Гэвч ҮГҮЙ. Ийм зүйл биш. Тэр хүний хэмжигдэхүүн, тэр хүний бяцхан тархи, тэр хүний ойлголтоор бүхэл бүтэн энэ урлагийг хэмжиж болохгүй. Энэ бол миний л бодол. Хошин урлаг бол 1990 оноос цэцэглэн хөгжиж, сэргэн мандалтын үе гэдэг шиг өдий болтол хөгжихдөө монголын ард түмэнд, аж амьдралд нь, уураг тархинд нь бас цаашлаад ярих юм бол төр засагтаа маш их хувь нэмэр оруулсан гэж би боддог” хэмээн хэлжээ.