У.Уранчимэг:Бид 3 нэг театрт ажилладаг байсан ч тийм ч дотно байгаагүй, жудагтай байх хэрэгтэй

“Хувьсал” продакшны уран бүтээлчид “Тэнгэрээс буусан од” киноныхоо нээлтийг танхим дүүрэн үзэгчтэйгээр хийсэн. Тус бүтээл хоёр жилийн хугацаанд бүтсэн бөгөөд үзэгчид “Хувьсал” продакшны цоо шинэ өнгө төрхийг тус киноноос мэдрэх боломжтой.

Кино нээлтээ хийхээс өмнө “Хоёр Ганаа”-г битүүхэн хүлээж байсан үзэгчид тэднийг чухам ямар шалтгааны улмаас туурга тусгаарлахыг мэдэхийг хүсэхийн сацуу тэдний түүх хэрхэн эхэлснийг сонирхож байсан биз ээ. Хэдийгээр туурга тусгаарлан тусдаа уран бүтээл хийх болсон ч гэсэн тэдний харилцаа тун ч сайн байгаа гэдгийг илэрхийлсэн тэд хэрхэн уран бүтээлээрээ холбогдож байсан тухай жүжигчин У.Уранчимэг:

“Би театрт 22 жил ажиллахдаа сүүлийн 15 жилд нь ихэвчлэн орчуулгын сонгодог бүтээлүүдэд гол дүрд тоглож байсан. Маш их ачаалалтай ажилладаг байсан. Театр өөрөө төсвийн байгууллага. Ямар ч салбарт цалингийн асуудал яригдана. Театрт би маш бага цалин авдаг байсан. Сайн нөхрийн буянд бага цалингаар амьдрахын зовлонг үзээгүй л болохоос. Би театрт анх 18 настайдаа ажилд орсон. Тэр газарт хүн болсон.

Учраа мэдэхгүй явсан, 18 настай У.Уранчимэгийг өнөөдөр таны өмнө сууж байгаа энэ эмэгтэй болгоход 22 жилийн тэр хугацаа багагүй нөлөөлсөн байж таарна. Өмнө нь бид гурав нэг театрт ажилладаг байсан ч тийм ч дотно байгаагүй л дээ. Хавар нь сонгон шалгаруулалт зарлагдаж, зунжингаа бэлдээд, намар нь дүрийн шалгаруулалтад орох байлаа. Бид гурав зун хамт дүрийн сонголтдоо бэлдсэн. Тэр хугацаандаа илүү дотно болцгоосон байсан.

Зуны амралтаар санаандгүй ярьж сууж байгаад хамтарч кино хийх санаагаа олсон. Ингээд намраас нь зохиолоо бичиж, ирэх хавар нь зураг авалтаа эхлэхээр ярилцсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиолыг Д.Ганцэцэг бичсэн. Ингээд төлөвлөсөн ёсоор ирэх зун нь зургаан сард зураг авалт эхлэх боллоо. Гэтэл яг зураг авалт эхлэх өдөр Театраас гэрээ хийх дуудлага ирсэн. Нэгэнт бид театрынхаа ажлын хажуугаар кино хийхээр төлөвлөчихсөн, маш их зардал гаргачихсан байсан учир зураг авалтаа эхлүүлэх ажлаа чухалд тавьж, сонгосон.

Ингээд бид гурав театр дээр очиж уулзтал, надад сануулга өгч, театрт арваад жил ажилласан Д.Ганцэцэгт жилийн чөлөө, театрт дөнгөж шинээр ороод байсан А.Ганчимэгийг шууд халах тушаал танилцуулсан. Ажилд ороод удаагүй байсан адилхан жүжигчнээ халуулчихсан учир надад театрт үлдэх эрх байгаагүй. Би жудагтай байх хэрэгтэй. Тийм учраас дагаад халагдсан. Театраас гарсандаа шаналаад байх хугацаа ч байсангүй. Кино зураг авалт гэж гүйсээр  нэг мэдсэн л намар болчихсон. Ингээд намар нь бид гурав киногоо нээсэн. Театраас гарсан, анхны киногоо хийсэн, тухайн үед болсон процесс гэвэл ийм л зүйл байдаг юм. Маш гэнэтийн л юм болсон л доо” хэмээн дурсан ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *