Гангстерууд (review) Ямархуу кино байх бол гэж төсөөлж байсан яг л төсөөллийн дагуу болжээ. Зүгээр л байгаа байдал, явган шог, энгийн нэг үйл явдал нь үзээд суухад уйдамгүй хөнгөхөн хийцтэй. Яахав энэ киног үзсэндээ ч биш, Жижгээ Цогтоо хоёрын тоглолтыг харж л баяссан байх. Өнөөдрийн энэ харанхуй, хэрүүлээр дүүрсэн стресстэй нийгэмд багахан ч гэсэн гэрэл нэмэхээр кино болжээ.
Харин уран бүтээл талаасаа бол жаахан тиймэрхүү л байлаа. Өнөө цагийн комеди кинонууд ер нь л нэг давс султай хоол шиг болчихоод байгаам шиг санагддаг. Зарим нь хэлэх байх комеди кино тархи толгой ажлуулах шаардлагаггүй, инээлгэж байхад л болно гэж. Гүй шүү гүзээлзгэнэ минь!
Дээр үед Бэрсүүт Жүрж, Өнөр бүл, Энэ хүүхнүүд үү гэх мэт инээдмийн кинонууд цаанаа маш том мессеж өгдөг хэрнээ наанаа хөнгөхөн тоглолт, хөнгөхөн хийцээрээ үзэгчдийг байлдан дагуулсан байдаг. Нэг ёсондоо хэзээ ч хуучрахгүй. Улсаас санхүүждэг байсан киног өнөө цагийн бор зүрхээрээ яваа киночдын кинотой харьцуулах нь нэгэн бодлын тэнэглэл байж болох. Гэхдээ өнөөгийн киночид тэр үеийн зарим киног хангалттай хийж чадахуйц төсөв мөнгө зарцуулдаг хэрнээ зохиол найруулга дээрээ сэтгэл гаргахгүй байна уу гэж харагдах. Гялс бичсэн зохиолоороо гялс кино хийж, гялс хэдэн төгрөг олоод л болчихдог.
Гангстерууд киног үзээд кино зохиол гэдэг их амархан болсон юм байна гэж бодлоо. 5 өгүүлбэрт багтаж зохиолоо бичээд үлдсэн нь найруулга болон диалоги дээр явчихсан юм шиг л санагдсан. Big Gee одоо энэ арилжааны, массруу чиглэсэн кинонд хөрөнгө оруулалт хийж, дүр бүтээхээ болиод жинхэнэ урлагийн бүтээлд ганц удаа шандас сориод үзмээр юм даа. Уг нь Рэп-дээ бол жинхэнэ чанар ярьж явдаг хүн дээ. Киноруу орохоороо л ингэс тэгэс гээд л аргацаагаад хэдэн төгрөг олчих гээд байгаам шиг санагдах юм.
Мөн ерөөсөө шинэ кино үзэж байгаам шиг санагдаагүй. Нөгөө л нэг +17 контент, Өндгөн толгойтын Жижгээ Цогтоо, Prius-ний Boss-ын онгироо хэрнээ цайлган Gee-ийн тоглолт. Дүр бүтээнэ гэдэг магадгүй өөрөөсөө өөр нэгэн болж жүжиглэхийг хэлдэг байх л даа. Гэхдээ мань хэд бол ямар ч кинон дээр яг л нэгэн хэвийн тоглолттой юм. Жижгээ магадгүй энэ хоёрыг бодвол дүр бүтээх тал дээрээ илүү байх. Гэхдээ Цогтоогийнхоо хажууд очихоор нөгөө л нэг Жижгээ болчих юм.
За тэгээд амьдралд огт нийцэхгүй, харь гаригийн юм шиг нэг дүр байсан нь Gangsta Ma байлаа. Өмсөж зүүснээс авхуулаад яриа хөөрөө зэрэг бүгд амьдралгүй. Байгаа байдал нь nigga төрхтэй хэрнээ төгсгөлд нь нээх сүрхий ухаантай Монгол эх хүний царай гаргаж байгаа нь улиг болсон хэв маягтай. Аль дээр үед хийгдэж байсан Сэргээш хошин мюзикл дээр Аглуу, Онон энэ тэр яг нэг иймэрхүү хувцас өмсөж гарж ирээд алиалаад байдаг яг л тийм байлаа. Гэхдээ ямар цаг үед байгаа билээ?
Миний хувьд кино бүтээл гэхээсээ илүүтэйгээр нөгөө л нэг баяр ёслолуудаар IPTV-д ороод байдаг хөгийн контентуудын нэг шиг л санагдлаа. Гэхдээ би сайн ч бай муу ч бай Монгол киногоо үз, хөрөнгө оруулалт хий л гэдэг. Хэрхэхийг үзэгчид мэдсүгэй.
Гэснээс эхнэр маань энэ киног эхнээс нь дуустал эвхэрч унаад инээгээд үзээд байсан шүү. Манай хүн ч өнгөцхөн үзнэ л дээ
Эх сурвалж:аригун пейж