x

Like дарж мэдээгээ үзнэ үү

ШАРК ЭНХТҮВШИН: ЗАХ ДЭЭР МАНТУУН БУУЗ ЗАРААД ЯВЖ БАЙХАД МИНЬ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ БИЗЭЭ

ШАРК ЭНХТҮВШИН: ЗАХ ДЭЭР МАНТУУН БУУЗ ЗАРААД ЯВЖ БАЙХАД МИНЬ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ БИЗЭЭ

Маш олон хүмүүс тэр тусмаа залуус таны талаар илүү ихийг мэдмээр байгаа байх. Өөрийгөө манай уншигчдад илүү дэлгэрэнгүй танилцуулаач? Намайг Энхтүвшин гэдэг. Анх 1997 онд М Си Эс компанид ажилд орж байлаа. Тэр үед компани маань зөвлөх болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг цомхон үйл ажиллагаатай байсан юм. Харин одоо би компанийнхаа хувьцаа эзэмшигч, дэд ерөнхийлөгч статустай. Би Дорнод аймагт төрсөн. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд хотод ирж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцсан юм. Сургуулиа төгсөөд шууд М Си Эс компанид санхүүгийн шинжээчээр ажилд орсон. Дундуур нь Англид мастер хамгаалахаар очсон боловч ажлын шаардлагаар дуусгаж амжилгүй буцаад ирсэн хүн.

Таны 22 жилийн хугацаанд бүтээлцсэн МСS группын гол хүч нь хэн эсвэл юу байсан, байгаа вэ? Би компанийнхаа амжилтын үндсийг “хүн” гэж боддог. Аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай удирдагч залуусыг бэлтгэж чадсан явдал бидний “хүч” болсон.

Оджаргал захирал хүмүүсээ хүндэлж, хайрлаж ажиллуулдаг онцгой арга барилтай. Тухайн ажилтанг зөвхөн цалин горилогч гэдэг нэг л өнцгөөр огт хардаггүй. Хүмүүсийнхээ найз нөхөр, хамтрагч, зөвлөгч, дэмжигч, зоригжуулагч, залруулагч нь байж чаддаг нь бидний том давуу тал болж байсан. -Хувь хүний хандлага, хүмүүжлийг боловсрол, мэдлэг, чадвараас дутахааргүй үнэлдэг болсон уу? Зан хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл, сэтгэлтэй хүнийг ажилд ав зэрэг үгс сэтгэгдэл их төрүүлж байх шиг анзаарагдсан?

Миний хувьд өсөх чадвартай, аливаа зүйлд бүтээлчээр ханддаг хүнийг ажилд авахыг эрмэлздэг. Манай их сургуулиудад тухайн мэргэжилд шаардлагатай ур чадварыг бараг заадаггүй. Түүнийг ажлын байрнаасаа л олж эзэмшдэг. Би хүмүүстээ “Мэдэхгүй, чадахгүй байж болох ч тэр хэвээрээ удаан байж болохгүй” гэж хэлдэг. Мэдээж үүнд хувь хүний хандлага чухал.

-Таныг 22-29 нас хүртлээ, маш богино хугацаанд нэг сая америк доллартай болж чадсан гэж сонссон. Яаж ингэж чадсан юм бэ?

Анх М Си Эс -т ажилд орохдоо хонхны баярынхаа хослолыг ч авч өмсөх мөнгөгүй байсан. Хэдий тийм ч ажиллаж эхэлж байхдаа би их мөнгө олох тухай бодож биш урдах ажлаа хэрхэн сайн хийхэд л бүхнээ зориулж байсан. Цөөнгүй өөрчлөлт шинэчлэлтийг ч компанидаа хийсэн байдаг. Үүнийг маань Оджаргал захирал үнэлж, компанийнхаа хувьцаанаас эзэмшүүлсэн. Энэ нь МСS –ийн өсөлт, томролттой холбоотойгоор богино хугацаанд сая доллараар үнэлэгдсэн хэрэг. Зарим компани хэр таарсан цалингаар хүмүүсээ ажиллуулаад явах сонирхолтой байдаг ч надад тийм зүйл тохиолдоогүй нь нэг талаасаа их аз байх.

Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн үү? Би өөрийгөө учиргүй баруун солгойгүй мөнгөө цацах хэмжээнд хүрсэн хүн гэж боддоггүй. Бас хүнд мөнгө тийм их хэрэгтэй гэж бодохгүй байна. Хэдэн зуун гутал, хэдэн арван костюм сольж өмсөх шаардлагагүй амжих ч үгүй. Хүн өөрийнхөө чадлаар хийж, хийснийхээ хэрээр авч чаддаг байвал зүгээр. Хаашаа харсан ч мөнгө бэлэн бол хүн өөрөө назгайрах, жаргалдаа ташуурах хандлагатай болчихдог. Их мөнгөтэй хүнд мөнгөө эрсдэлгүй хадгалахаас эхлээд зовлон их шүү дээ. Хүн хөгширтлөө байнга өөрийгөө сорьж, хөдөлмөрлөж, тэр хэмжээгээрээ орлого олж амьдрах ёстой гэж би боддог. Энэ нь хүнийг илүү амьд байлгаж чадна. Уг нь бол бидэнд утсаар ярих, интернэтэд орох л хэрэгцээ байдаг болохоос заавал I Phone –ы шинэ загвар бүрийг авч барих шаардлага байдаггүй.

Ямар ажилтандаа Босс –ууд хамгийн их итгэл хүлээлгэдэг вэ? Янз бүр л дээ. Нэг тийм хүн таних анхны мэдрэмж бас байдаг. Хүнийг анхнаасаа зөв таньж, итгэл хүлээлгэж чадвал тэр хүн итгэлийг тань алдахгүйн төлөө шаргуу, бас үнэнчээр хөдөлмөрлөдөг. Мэдээж энэ итгэж болох хүн мөн үү гэдэг асуулт бас бий л дээ. М Си Эс группын охин компанийн захирлууд яг над шиг бүгдээрээ сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орсон залуус байдаг нь Оджаргал захирлын хүнд итгэл хүлээлгэж чаддаг чадвартай ч холбоотой.

Шаркыг төрүүлж өсгөсөн аав, ээжийн талаар мэдэж болох болов уу? Аав маань эдийн засагч, ээж минь машины кранист мөртлөө худалдааны байгууллагад олон жил ажилласан хүн. Би дөрвөн дүүтэй, айлын том нь. Аав, ээжийнхээ хөдөлмөр, сэтгэлийг харж өссөн айлын том хүү. Ийм амьдралаас гарсан болохоор нэг хэсэг би дүү нартаа гэх мэт олон хүмүүст хэтэрхий их бусдад туслах гэж оролдсон. Аажимдаа хүн өөрөө л амьдралаа бий болгох ёстойг ойлгосон юм. Заримдаа хүнд туслахгүй байх нь жинхэнэ тус болдог. Хүнд өөрөөрөө хөгжиж дэвших, харанхуйд баримжаагаа олох боломжийг нь үлдээх хэрэгтэй.

Та тансаг хэрэглээний эсрэг үзэлтэй байж магадгүй? Нэг их гоё ганган бөгж, цаг, зүүлт хэрэглэж сураагүй. Угаасаа тийм хэрэглээ, хэт тансаг хувцас биед хүртэл эвгүй байдаг юм. Хүн заавал учиргүй үнэтэй сонголт хийх албагүй. Магадгүй зарим хүмүүс хүнд харагдаж, таалагдах гэж тийм үнэтэй тансаг сонголт хийдэг байх л даа. Саяхан би хүнд таалагдахгүй байх эр зоригийн тухай ном уншсан. Өөртөө таалагдаж л байвал хүнд таалагдахгүй байх нь айдас биш ба эр зориг гэдгийг онцолсон байсан. Өөрт ямар мэдрэмж төрж байна, тэр чинь амжилт. Мөн чамд талархдаг, чамайг дэмждэг хүмүүс олон байвал тэр бас амжилт.

Түүнээс биш их мөнгөтэй байснаараа амжилттай, жаргалтай байхгүй байх. Олон хүнийг өөр шигээ амжилттай, жаргалтай байлгаж, тэр хэрээрээ бусдаар хүндлүүлэхийг харин амжилт мөн гэж би хэлнэ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!