Эрэгтэй хүнээс болж нулимс унагаж байвал ёстой ЯРШИГ л байна шүү.

Энэ хорвоог ертөнцийг аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлье гэвэл хамт байх хань хамгаас чухал. Ертөнцийн бичигдээгүй хууль гэж байдагтай адил ямар ч хүн эсрэг хүйстэндээ татагдах, дурлах, хайрлах, шохоорхох үзэгдэл байдаг нь амьдралыг амтыг чихэрлэг болгох шиг. Хэрвээ та нэгэнт хайраа олсон бол, аль эсвэл хагацал гуниг тохиолдсон бол наашаа суугаад нэгийг тунгаан бодоод үзээрэй. Жаахан ч болтугай сэтгэл тань дээрдэх болов уу.

Хүн болж төрөх эгэлгүй энэхэн заяанд өөрийн зорилго, мөрөөдлийн дагуу амьдрах нь хүн бүрийн хүсэл байдаг нь нуух нь юун. Эрэгтэй, эмэгтэй хүний заяанд амьдралд тулгарах нугачаа өөр өөр байдаг шүү дээ. Эр хүний нуруун дээр ерөнхий сэдвийн томоохон хариуцлагууд болох биеийн хүчний болоод оюун ухаанаар шийдэх зүйлүүд байдаг. Харин эмэгтэй хүний хариуцлага дээр жижиг сажиг асуудлууд мөртлөө яг цагаа тулсан тохиолдолд тэдний бие махбодийн ширхэг эд эс, сэтгэлийн гал дахь оч, дөл бүрээ харамгүй шингээх тийм л нарийн нандин зүйлс эмэгтэй хүний өмнө байдаг.

Хүний амьдрал болсон хойно эр, эмийн хооронд хэрүүл, маргаан, үл ойлголцол бололгүй яах вээ. Болно, болдог л юм, болох ч ёстой. Болохгүй байвал амьдралын амтыг мэдэрнэ гэж гонж. Хос хоорондын хамгийн түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ гэвээс “Хоорондын халуун дулаан ярилцлагыг өнгөрөөх, ярилцахгүй байх”, “Нэгэнт унтарсан хайр сэтгэлийн харилцаагаа нөхөн сэргээхгүйгээр өөр хэн нэгнээс хайр халамжыг нөхөх” гэх мэтчилэн олон олон асуудлууд бий. Одооны нөхцөл байдал дээр тань тус болох үүднээс дараах үгсийг зориулав.

Энэ бол таны л амьдрал шүү дээ. Өөр хэнийх ч биш гэдгийг мөнхөд сана. Ямар ч хүн хаана, хэний дэргэд аз жаргалтай, баяр хөөртэй, сэтгэлийн амар амгалан эдлэж байж чадаж байна та “ТЭНД” л байх хэрэгтэй. “Зөвхөн өөрийгөө л бодъё, яршиг л байна” гээд зориглоод босох гэтэл бүлтгэр жаахан үрсийнхээ ирээдүйг бодоод, яаж ч чадахгүй байгааг тань ойлгож байна даа. Гэхдээ таныг ямар ч үйлдэл хийсэн бай таниас үндэслэгдэн ургасан тэр жаахан зүрх хэзээ ч таныг зүхдэггүй юм. Хажуудах хань тань чамаас шаал өөр танихгүй мэдэхгүй хүнээс ургасан дэлбээ болохоор таныг ойлгохгүй, дэмжихгүй байгаа юм. Харин таны ширхэг эд эсээ шавхан, зөвхөн түүнийг л гэсэн сэтгэлээр тээж төрүүлсэн юм болохоор алаг үр тань чамайг ойлгох нь гарцаагүй хэрэг. Амьдралд дүүлэн нис залуус минь. Энэ бол зөвхөн чиний л нэгэн насны амьдрал. Өөр хэнийх ч биш. Үүнийг л мөнхөд сана. Тунгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *