Найруулагч СТА Д.Галбаяртай нь 13 настайдаа кинонд тоглосон тэрбээр “Намрын синдром”, “ТҮЦ-ийн охид”, “Тусгай ажиллагаа” зэрэг 10 уран бүтээлийн найруулагчаар ажилласан эрхэм билээ. Түүний аав нь нэрт жүжигчин Г.Дашхүү агсан, хань нь СТА Т.Хулан гэдгийг хүмүүс сайн мэднэ.
Д.Галбаяр нь ийн өгүүлэв.
Монголын кино уран бүтээлчид болгоныхоо дараа шахам л “айхтар юм хийчихлээ” гээд цээжээ дэлддэг дээ. Би ч бас тэгж урамшиж явсан цаг бий. Яг тэр, энэ киног хийгээд өөрөөрөө бахархсан гэхээс илүү би хийж буй бүх зүйлдээ маш их ач холбогдол өгч, ажилладаг юм.
Хийснийхээ дараа зурагтаар гарахад нь би үздэггүй ээ. Би гялс сувгаа сольчихдог юм. Хааяа нэг бүр олон жилийн өмнө хийсэн кино зурагтаар гарахад уулзаагүй удсан найзтайгаа уулзсан юм шиг санагддаг, гоё мэдрэмж төрдөгсөн.
Тэрийг би тэгж хийсэн, энийг би ингэж бүтээсэн гэж ярих би дургүй. Тэгж бодохыг хүсдэггүй. Галбаяр яагаа ч үгүй байна шүү. Миний хийсэн 10 кино сонин биш ээ. Карьер маань одоо л дөнгөж эхэлж байна. Дэлхийн найруулагчдыг харахад, карьер нь бараг 40 наснаас нь эхэлдэг. Гэтэл монгол найруулагчид яагаад 40 хүрэхээрээ тэгэх, ингэх ёстой гээд яриад суугаад байдаг юм бэ.
Би одоо өөрийгөө шинэ зүйлд сорихыг, дахиад нээхийг хүсэж байна.