Н.Жанцанноров: Тэр үед л ичнэ гэдэг туйлдаа хүрсэн дээ…

Монголын урлагийн салбарт үнэтэй хувь оруулсан эрхэм бол Н.Жанцанноров гуай билээ. Түүний урлагийн төлөө гэсэн энэ их хөдөлмөрийн үр дүнд өнөө цагт бидний чихэнд байтугай зүрхэнд хоногшсон эгшиг, аялгуу хөглөгдсөөр буй.

Тэрээр урлаг ба түүх соёлын ихээхэн мэдлэгийг гаргууд эзэмшсэн хүн бөгөөд залуу насны хөгтэй мөртлөө сургамжтай нэгэн явдлыг ийн дурссан юм.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуайгаас..

– Та юунаас хамгийн их ичиж байсан бэ?

– Үүнийг би маш тодорхой санаж явдаг. Би ykpайны хөгжмийн их сургуульд суралцах зорилготой очсон юм. Хөгжмийнхөн ганц ганцаараа өрөө тус бүрт хичээллэнэ. Миний хөгжмийн багш гээд нэг эмэгтэй байсан юм л даа. Тэгээд хичээл ч эхэллээ, сайхан байсансан. Манай багш гайхалтай эмэгтэй байсан. Зургаан орны хэлээр ярьдаг бөгөөд 1993 оны дэлхийн шилдэг эмэгтэйгээр тодорч байсан хүн.

      Тухайн үед оюутны амралт болж, буцаад хичээлдээ мордохдоо багшдаа нэг бэлэг өгье гэж бодоод, Чүлтэм гуайн япон улсад хэвлүүлсэн 11 ширхэг бурхны зургийг аваад явсан юм. Бэлэглэхийн хажуугаар монголчууд бурханаа ингэж сайхан хэвлүүлж, шүтдэг гэдгийг мэдрүүлэх гэсэн хэрэг л дээ.

      Тэгээд багшдаа бэлэглэхэд багш маань маш их баярлаж билээ. “Танай Монгол Улс гайхамшигтай юм. Бурхан шүтээнээ ингэж хэвлэдэг. Харин энэ дээр яагаад ядам хуруугаа дарчихсан байгаа юм бэ” хэмээн асууж гарав. Би хэлж чадаагүй. “Энэ дээр яагаад гурван хохи-мой толгойтой байгаа юм? гэж асуусан. Бас л хариулж чадаагүй. Дахиад хэд хэдэн бурхны талаар асуухад хариу хэлж чадаагүй ээ. Тэгэхэд би 20-оод насны л залуу байж билээ.

      Тэр үед л ичнэ гэдэг туйлдаа хүрсэн дээ. Гэтэл багш маань “Би бурхны шашны талаар мэдлэг муутай хүн. Чи бол миний анхны бурхны шашинтай шавь минь. Тийм болохоор би номын санд сууж, бурхны шашинтай холбоотой ном багагүй хугацаанд уншсан. Тантай харилцахын тулд шүү дээ. Танай шашныг би их сайхан шашин байна гэж бодсон. Харин та өөрийн соёлыг мэдэхгүй байж, хүний соёлоос суралцана гэж ирснийг чинь би ойлгохгүй байна” гэж хэлсэн.

      Тэгээд л би нам болсон доо. Тэгэхэд л ичнэ гэдгийн дээд цэгт нь хүрсэн байх гэж боддог юм. Би гэдэг хүн үүний талаар өдрийн бодол, шөнийн зүүд болон бодож тунгаасаны эцэст “Би юу ч мэддэггүй юм байна лээ”.

      Дараа нь нутагтаа ирээд гандангаар нэг ороод гарсан, тэгэхдээ тагтаанд будаа өгсөн байх. Чингис хааныхаа мөн чанарыг ч мэдэхгүй байсан. Харин тэндээс л Монгол хүн болох эхлэлээ тавьсан байх гэж боддог. Түүнээс хойш хүмүүст Монголын соёл гэж элдэв юм яриад байгаа нь тэр багшийн ач юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *