Мисс, жүжигчин Гэрэлчулуун ёстой амжуулдаг Бүсгүй юм гээч…

2007 оны “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титмийн эзэн, 2011 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг “Шинэ үе” продакшнийг чимж, “Тусгай салаа”, “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр”, “Өдөр өдрийн нар” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй. Хэдэн үг олигтой хэлчихэж чаддаггүй мисс бүсгүйчүүдийн хажууд жүжигчний мэргэжлийг шаггүй эзэмшсэн болоод ч тэр үү жүжиглэлт нь цаанаа л нэг дотортой.  

“Jumping fitness” хэмээх спортын төрлийг эх орондоо дэлгэрүүлсэн тэрээр Монголд багшлах эрх авсны хоёрхон хүний нэг нь. Гэрэлчулуун нөхөртэйгээ хамтран хувийн фитнессээ өнгөрсөн оны 7-р сараас ажиллуулаад байгаа.

СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн мисс-жүжигчин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээр суралцаж төгсчээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ урлагийн ажлаа ч орхигдуулсангүй. Улмаар гадаад руу хэлний мэдлэгээ сайжруулахаар сургалтанд хамрагдаж сертификат өвөртөлж ирсэн байна.

Үрийн зулай үнэрлэж ээж болсон Гэрэлчулуун төрөөд нэгхэн хонож байхдаа МҮОНТ-ийн Монголын нэг өдөр нэвтрүүлгийг хөтлөх санал авсан гэдэг. Ингээд тус телевизтэй байгуулсан хоёр жилийн гэрээгээ дуусгаад охид бүсгүйчүүдийг илүүдэл жингээс нь аврахаар фитнессийнхээ ажилд шуударчээ.

Харин дараахан ХУИС-д эзэмшсэн мэргэжлээ зэврүүлэхгүйн үүднээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж эхлээд байгаа аж. Сэтгэл зүтгэл байхад амжихгүй зүйл үгүй гэдгийг энэ бүсгүйгээс суралцмаар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *