Цагдаагийн ахмад Мөнхшүр ийм л хүн гэнэ…

Цагдаагийн Мөнхшүр… Мөнхшүр бид хоёр найз биш, ажлын шугамаар очиж мэдээлэл авдаг, тодруулдаг… бусад сэтгүүлчдийн л адил харилцаатай. Хувь хүнийх нь хувьд муухан эр хүнээс илүү түс тас, гүдэсхэн, харилцахад амар хүн юм уу гэж боддог.

Өнөөдөр Мөнхшүр бараг сайтуудын “гол дүр” байх шиг байна. Яг юу болсон юм бол? Тэр нэг орой Мөнхшүр түнхний мултралтай хүүхдийг эмнэлэгт хүргээд, буцаж явахдаа замын цагдаа дохиход нь зогсож. Ажлын үнэмлэхээ үзүүлээд хөдлөх гэтэл өнөө алба хаагч дохиур модоороо машиных нь цонх руу тогшоод “үнэмлэхийг чинь харсангүй, дахиад харуул” гэж. Үүнээс үүдэн, хэн хэн нь бухимдаж, маргалджээ.

Уг асуудал хэд хоногийн дараа аль нэг сайтаар гарч, түүний дагуу албаны шалгалт хийж, Мөнхшүрийн цалинг гурван сараар хувь тооцон хасах, нөгөө цагдаагийн алба хаагчид сануулах арга хэмжээ тооцсон юм билээ. Хэн ч хаана ч, харилцаагаа, алхам тутамдаа хянаж явах л ёстойг эндээс харж болно.
Харин энэ үйл явдал мэдээллийн сайтын “гол материал” байх шаардлагатай, эсэх нь тухайн редакцийн л асуудал байх л даа…

Нөгөө талаас, Мөнхшүр, нөхөр нь, хүүхдүүд нь гээд гэр бүлээрээ коронавирусын халдвар авчээ. Нөхөр нь нэлээд хүнд өвдөж, эмнэлэгт очсон бол Мөнхшүр хүүхдүүдээ хараад, гэртээ үлдсэн юм байна. Өөрөө өвдчихсөн, өвдсөн хүүхдүүдээ ганцаараа хараад гэртээ байж байгаа энэ үед нийгмийн сүлжээн дэх дайралт, хараал зүхэл хүнд л цохилт болж байгаа даа гэж бодогдлоо. Ер нь тэгээд замын цагдаатай маргалдаж үзээгүй хүн байдаг ч юм уу даа. Жич: Олуулаа нийлж дайрах муухай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *