Зохиолч Р.Эмүжин: Хүүе нөгөө 820 тэрбум төгрөг яав аа, Сумъяабазар гуай?

Түүхэн шийдвэр гаргаж, түүхэн гэрээ үзэглэлээ гээд Оюун-Эрдэнэ, Сумъяабазар хоёр тэврэлдээд, хэлхэлдээд байсан юу болов? Нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нэг нэгэндээ бэлэглээд, хэвлэлийнхнийг цуглуулаад шоудаад байсан биз дээ? Ядаж давс цацдаг нөгөө машин хаана байна?

Хүний сайхан үрс яахаараа хогийн тэргэнд суучихаад, гараараа давс цацаад явж байдаг юм бэ? Даан ч дээ. Яахаараа Яармагт амьдардаг иргэн төв талбай хүрэхийн төлөө бүхэл бүтэн хоёр цаг автобусанд зогсоогоороо чихэлдэж, бөглөрөх хэрэгтэй юм бэ? Энэ чинь нөгөө та хоёрын алдарт түүхэн гэрээний биелэлт чинь мөн үү? Жил бүр зөвхөн түгжрэл бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна гэж аль зургаан сарын өмнө шийдсэн байхад ганц гүүрний сураг ч алга, ганц гарцны чимээ ч алга байна. Нийслэл өмнөхөөс илүү цас оронгуут тэшүүрийн талбай, жавар буунгуут гулгуурын хавтгай болдог боллоо шүү дээ. Өвдөгөөрөө цас арчих нь л дутаж гэнэ.

Нийслэл гэж энэ аварга том амьд бүтэц, агуу их мөнгөний сүлжээг сандайлж суугаад Сумъяабазар гуай нэг жил боллоо. Нийслэлийн 2021 оны төсвийг өөрийн биеэр 820 тэрбум төгрөгт тулган, гардан батлуулаад гүйж явсныг чинь ч санаж байна. Ковидын жил гээд дараа нь дахин нэмсэн, тэр бас хаачив? Хаана байна?

Хувийн банк нь ч даатгал залгиад, хулгайн циркээ ч нураагаад, бусдын банкийг ч булаан дээрэмдээд өөрөө бол өнгө ороод л байх шиг. Өндөр хүрээний бид чинь зутраад байна. Ядраад байна. Давсаа хүртэл машин байтугай хүрзгүй, улаан гараараа цацдаг болоо юу? Улсын төсвийн тэр их мөнгө хаашаа, юунд зориулагдсан болоод энэ залуус ингэж яваа юм бэ? Өглөөний гудамжаар өчнөөн сар гоё сайханг чинь харлаа. Өөр юу хийж гийгүүлснээ гэртээ хариад ядаж бодоод үзээрэй.

Хувийн бизнес чинь суга урагшлаад, хувьсгалын ажил нь нуга ухраад л явна уу даа, Сумъяабазар гуай. 21-р зуунд ингэж хотыг удирдахгүй шүү, нийслэлчүүд яг энэ дүр зургийг дараагийн цаснаар хармааргүй байна. Төсөв, мөнгөний тайлангаа төдхөн танилцуулж, энэ залууст давс цацдаг зориулалтын машин авч өгөхийг шаардаж байна. Шаардах ч эрхтэй. Хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг ингэж зөрчихгүй шүү. Ийм балмад байж болохгүй. Нэг бол давс цацдаг зориулалтын машинтай болго, эсвэл нөгөө гурав ороосон эрхитэй гараараа гудамжныхаа давсыг өөрөө цац, за. Тэр Оюукагаа хажуудаа суулгачихгүй юу, тэгээд та хоёрт бүүр яг таарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *